Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2023-12-20
Шадар сайдын мэдээллийг сонсов

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонссонтой холбогдуулан зохион байгуулж байгаа ажил, түүний явц, байдлын талаар”-х мэдээллийг сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв. Тэрбээр Улсын Их Хурал, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Архангай, Завхан аймгийн 11 суманд ажиллан өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнтэй танилцсан болохоо хэллээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрсэн, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс зуд эхэлсэн, 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байгаа гэв. Үүсээд байгаа бэрхшээл нь зөвхөн малчин, тариаланчдын асуудал биш, улс орны хүнсний хангамж, нийлүүлэлт, эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарын хувь заяатай холбоотой гэдэг мэдээллийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг танилцуулав.

Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн ч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгдэж байгаа юм байна. Аймгуудын мэдээллээр 5.1 сая толгой малыг хүнсэнд, 12.1 сая толгой малыг зах зээлд нийлүүлэх, нийтдээ 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр судалгаа ирүүлжээ. Энэ нь нийт малын 21.5 хувь, 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцэж байгаа аж.

Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээллээр нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон, хүйтний эрч улам чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлж мөсөн бүрхүүл тогтох зэргээс үүдэн 2023-2024 оны өвөлжилт асар хүнд байгаа, хаваржилт нэн хүндрэх төлөвтэй байна гэдэг мэдээллийг танилцууллаа. Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим хувьд нэн их, их, 26 хувьд дунд зэрэг эрсдэлтэй гэж гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 гаруй суманд цагаан зуд болж байгаа бол 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байдалтай, үндсэндээ бүх аймаг, сумд зудын нөхцөлд байгаа аж. Манай орны нийт нутгаар 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 4 удаа цаг агаарын аюулт үзэгдэл болж, цахилгаан дамжуулах шугам сүлжээ унасан, мал сүрэг олноор хорогдсон, олон тооны хүн салхи шуурганд туугдаж, төөрөн, бүр амь насаа алдсан зэрэг харамсалтай тохиолдлуудын талаар мэдээллээ. 

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаа тул цас их орсон аймгуудын малчдад малаа ангилж ялгах, шаардлагатай хэрэгцээнд нөөцлөх уриалга гаргажээ. Үүсээд байгаа нөхцөл нь малчид, Засгийн газар хоорондоо шийдэхэд хүндрэлтэй байгаа тул орон даяар малчдад туслах аян эхлүүлсэн гэв.

Аймаг, сумдад жилийн эцсийн мал тооллого болж, дүнг нь нэгтгэж байгааг мөн хуралдааны үеэр гишүүдэд танилцуулсан. Газар дээр нь очиж тоолохын сацуу утсаар мэдээлэл авах байдлаар дүнг нэгтгэх асуудал гарсан учраас нягтлах шаардлага үүссэн байна. 

Үргэлжлүүлэн Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулав. Комиссын 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар орон нутаг руу шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, малчдын бэлтгэсэн махыг зах зээлийн эргэлтэд оруулах, малын тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээг малчид, иргэдэд илүү ойртуулах, мэргэжлийн түвшинд зохион байгуулах үүрэг чиглэлийг салбарын яамдад өгч, хэрэгжилтийг ханган, хяналт тавьж, гүйцэтгэлийг дүгнэн ажиллаж байгаа гэлээ. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргийн малчид, мал бүхий иргэдэд улсын нөөцөөс 4015 тонн хивэг, 1274 тонн хорголжин тэжээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 50 хувийг хөнгөлөн олгох асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ дагуу аймаг, сумдын онцгой комисс хуваарилалт хийж, зохион байгуулж байгаа аж.

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар 82 мянган тонн хүнсний улаан буудай импортлох зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэл хэвийн, тогтвортой болж, дагаад хивэг, тэжээлийн нийлүүлэлт тогтворжих боломжтой гэж үзсэн байна.

Өвсний экспортыг 2023 оны 9 дүгээр сард, тэжээлийн экспортыг энэ оны 12 дугаар сараас  2024 оны 3 дугаар сар хүртэл хориглосон байна. Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй, санхүүжилтийн эх үүсвэрийг олгохоор Засгийн газар шийдвэрлээд байгаа аж. Иймд салбарын яам холбогдох зохион байгуулалтыг хийж байгаа гэлээ. Малчид олон тооны малыг мах болгон бэлтгэсэн ч худалдан авалт хангалтгүй, тээврийн зардал өндөр, хадгалах зоорь байхгүй байгаа гэх мэдээлийг С.Амарсайхан сайд танилцууллаа. Иймд Улсын онцгой комисс, салбарын яамнаас мал, мах худалдан авдаг, боловсруулдаг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран сум, баг, аймгийн хэмжээнд бүсчилсэн явуулын худалдан авах цэг зохион байгуулахаар ажиллаж байгаа, улмаар тээвэрлэлт, түлш, шатахууны чиглэлээр дэмжлэг үзүүлэх ч нөхцөл үүсэх магадлалтай гэлээ.

Өвөлжилтийн нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулснаар өвлийг өнтэй, хохирол багатай даван туулахтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд орон даяар шилжсэн байгаа гэлээ. Энэ жилийнх шиг цас зудын нөхцөл сүүлийн 10-20 жил тохиолдоогүй байна. Цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын хүндрэлээс шалтгаалсан иймэрхүү хүндрэл цаашдаа улам нэмэгдэх эрсдэлтэйг Шадар сайд дурдаж байв. Иймд салбар дундын зохицуулалтыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд холбогдох яамд анхаарч, ажлыг эзэнжүүлж, гүйцэтгэлийг нь хангуулж, үр дүнг нь тооцож, зохион байгуулалтаа сайжруулах шаардлага бий гэв.

Түүнчлэн Шадар сайд Төрийн хэмнэлтийн хуулийг өөрчлөх шаардлагын талаар саналаа танилцуулсан. Энэ хуулийн хэрэгжилтийн улмаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 57 сум автомашингүй, түлш, шатахуун авч чадахгүй байгаа аж. Дээрх хуулиар аймаг, сум төсвөө захиран зарцуулж, орон нутгийн хэмжээний асуудлуудаа шийдвэрлэх нь хориотой байгаа гэлээ. Зарим лаборатори урвалж бодисоо ч худалдан авах боломжгүй болоод байгааг дуулгасан. Цар тахлын уршгийг арилгах зорилгоор Төрийн хэмнэлтийн хуулийг баталсан нь үр нөлөөгөө өгсөн, гэхдээ өнөөгийн нөхцөлд эрсдэл үүсгэж байгааг тайлбарлав.

Төв, Архангай, Завхан аймгийн онцгой комиссын үйл ажиллагаанд шаардлагатай 60 тонн шатахууныг шийдвэрлэж өгсөн. Хөдөө орон нутаг, тэр дундаа алслагдсан сумдад шатахууны нийлүүлэлт хангалтгүй байгаа тул Улсын онцгой комиссоос холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Завхан аймгийн Арц суурийн хилийн боомт төдийгүй баруун аймгийн боомтуудаар импортолж буй малын тэжээл, гурил, шатахуунны татварыг хөнгөлж, чөлөөлөх шийдлийг гаргахгүй бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр Улаанбаатараас хүргэж буй энэ төрлийн болон бусад төрлийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол, тээврийн зардлаас үүдсэн хэт өндөр үнэтэй байгаа нь олон сөрөг үр дагавартай байгааг танилцууллаа. Улаанбаатар хотоос үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлээд хүргэхэд 2 дахин илүү үнэтэй болдог гэв. Үүний оронд боомтуудаараа дамжуулан хямд үнээр бараа, бүтээгдэхүүн авах боломжтой аж. Улаанбаатар хотод 35-40 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа тэжээлийг боомтоор дамжуулан авахад 15 мянган төгрөгийн үнэтэй болж байгаа гэлээ. Иймд шаардлагатай тохируулгыг хийж, хил гаалийн асуудлыг цэгцлэх үүднээс Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүлээд байгаа аж. Үүн дээр холбогдох яамд анхаарал хандуулж, яаралтай арга хэмжээ авах шаардлага бий гэлээ.

Тодорхой тооны сумдын түргэн тусламжийн автомашиныг шийдвэрлэсэн,  хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын нэг цонхны системийг нэвтрүүлсэн, БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлсэн, тус улсын Гаалийн ерөнхий газрын цахим системд адууны мах экспортлох, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох дөрвөн үйлдвэрийг шинээр бүртгүүлсэн зэрэг мэдээллийг мөн Шадар сайд Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд танилцууллаа.

Махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд өнөөдрийн байдлаар 73.1 мянган тонн махыг экспортолсон байна. Түүнчлэн малын арьс, шир, дайвар бүтээгдэхүүн үнэгүйдэж байгааг шийдэх асуудлыг малчид олонтаа хөндөж байгааг мөн гишүүдэд танилцууллаа.

Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонссонтой холбогдуулан зохион байгуулж байгаа ажил, түүний явц, байдлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Ц.Туваан, Н.Наранбаатар нар асуулт асууж, Шадар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооноос холбогдох тогтоолын төслийг боловсруулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Ж.Батжаргал гишүүн танилцууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, саналаа илэрхийлсэн юм. Дараа нь санал хураалт явуулахад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 63.6 хувь нь "Өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив. Үүгээр хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ