Цаг агаар
Валютын ханш
УИХ
2023-12-20
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 47 дугаар хэвлэгдэн гарлаа. Тус дугаарт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн бөгөөд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолоор “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн  чиглэл”-ийг хавсралтаар баталж, доор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус даалгасан. Үүнд:

1/орон сууцны ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэн авах хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх;

2/орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн нийт эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэгш, хүртээмжтэй хуваарилах юм. Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жигжидийн Батжаргалыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Балжиннямын Баярсайханыг тус тус сонгож, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Энхбаярын Батшугарыг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөрийг тус тус улируулан сонгожээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэгийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн байна.

Түүнчлэн тус эмхэтгэлд Журам батлах тухай, Журам шинэчлэн батлах тухай, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг баталсан байна. Журам батлах тухай Засгийн газрын тогтоолуудын хавсралтаар “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”, “Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам”, “Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах журам”-ыг тус тус баталсан байна. Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмын зорилго нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 16.1, 17.1, 19.1-д заасан хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний кибер аюулгүй байдлыг хангах, кибер халдлага, кибер аюулгүй байдлын зөрчлийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх болон тэдгээртэй холбоотой бусад үйл ажиллагаанд дагаж мөрдөх нийтлэг харилцааг зохицуулахад оршино. Харин Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх журмаар Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой мэдээллийг зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид мэдээлэх, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн олгосон зөвшөөрөл, түүнд оруулсан өөрчлөлтийн шийдвэрийг зөвшөөрлийн нэгдсэн санд бүртгэж байршуулах, лавлагаа, мэдээлэл өгөхтэй холбоотой харилцааг,  Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах журмаар уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна. Түүнчлэн Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолуудын хавсралтаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг тус тус баталсан юм.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмаар хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтийг хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхэд 16 насанд хүрсэн бол өөрөө сум, хорооны нийгмийн ажилтанд хандан биечлэн, эсхүл халамжийн нэгдсэн систем “ehalamj” болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем “Е-Моngolia”-д хандан цахим хэлбэрээр гаргах бөгөөд хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай Засгийн газрын тогтоолын 2 дугаар хавсралтаар Боловсролын үндэсний зөвлөлийн дүрмийг баталсан ба энэ дүрмээр Боловсролын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, чиг үүрэг үйл ажиллагааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ