Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-12-21
Хүүхдийн хорт хавдрын эсрэг 35 эмийг үнэ төлбөргүй авна

Монгол Улс Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформд нэгдэн орох эрмэлзлийн захидалд гарын үсэг зурах ёслол өнөөдөр болов.

ДЭМБ-аас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсын хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачилгыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргажээ.

Тус санаачилгын хүрээнд ДЭМБ-аас нийт зургаан улсыг сонгон авч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх юм.  Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улсаас зөвхөн Монгол Улс сонгогдсон байна.  

Эрмэлзлийн захидалд гарын үсэг зурснаар манай улсын хүүхдэд түгээмэл тохиолдож буй зургаан төрлийн хорт хавдрын тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг онцлов.

Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг. 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53,1 хувь нь хөвгүүд, 46,9 хувь нь буюу 67 нь охид байжээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Олон улстай харьцуулахад манай улсын хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн тохиолдол өндөр. Хүүхдийн хорт хавдрын ихэнх хувийг цусны төрлийн хорт хавдар эзэлж байна. Өнөөдөр ДЭМБ-тай хамтран хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдох зургаан төрлийн хорт хавдрын эмчилгээний 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүй авах гэрээнд гарын үсэг зурлаа.

Эдгээр эмийн 30 хувь нь өмнө нь манай улсад хэрэглэгдэж байгаагүй эмүүд ба маш өндөр үнэтэй байсан тул эмчилгээнд хэрэглэж чаддаггүй байсан. Өнгөрсөн намраас ажлын хэсэг байгуулагдаж шинэ төрлийн эмүүдийн эмчилгээний зааврыг шинэчилж бэлтгэл ажлууд хангагдаад байна.  

Манай улсад хүүхдийн хавдрын тохиолдол өндөр мөн Засгийн газар бэлтгэл ажлаа сайн хангаж, эмийн бодлогоо шинэчилж бэлэн болсны үндсэнд ДЭМБ сонгосон.  

Гэхдээ хорт хавдраар өвдсөний дараа биш урьдчилан сэргийлэх нь маш чухал. Ер нь иргэний эрүүл мэндийг хамгаалах нь хоёр талтай. Нэгдүгээрт, өвдөхөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, өвдсөн бол эмчлэх шаардлага тулгардаг шүү дээ. Олон улсын байгууллагын судалгаагаар иргэний эрүүл мэндийг хамгаалахад эрүүл амьдралын хэв маягт анхаарах чухал гэж гарсан. Тиймээс манай улс нийгмийн эрүүл мэндийн салбартаа анхаарах цаг болсон” гэв.  

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте “ДЭМБ-аас хорт хавдраар өвдсөн хүүхдүүдэд ихээхэн анхаарал хандуулдаг. Хорт хавдар гэдэг чухал асуудал. Тиймээс энэ хавдрын эсрэг эмийн хүртээмжийг сайжруулахад ЭМЯ-ны тэргүүний зорилго мөн.

Дэлхий дахинд хорт хавдрын эсрэг эмийг өвдсөн хүүхдүүдэд хүргэнэ гэдэг томоохон сорилт болж байна. Эдгээр эмийг ихэнхдээ насанд хүрсэн хүнд зориулж үйлдвэрлэдэг учраас хүүхдийн эм хүртээмж муу байдаг. Монгол Улсыг Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформд нэгдэн орохыг сонгосон. Учир нь Эрүүл мэндийн яамны манлайлал дор Засгийн Газар бэлтгэлээ сайн хангасан.

Энэ хөтөлбөрөөр ганцхан эм нийлүүлээд зогсохгүй Монгол Улс эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, хорт хавдраар өвдсөн хүүхдүүдийг эрт илрүүлэх, эмчлэх эрмэлзэлтэй байна” гэлээ.

Эмийн худалдан авалт, түгээлтийн үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн хэлтэс зохион байгуулж, ДЭМБ дээрх бүх үйл ажиллагаанд ерөнхий зохион байгуулагчаар оролцож, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах аж. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ