Цаг агаар
Валютын ханш
Уурхайн өгөөж
2024-01-02
Орон нутагт шатахуун олдохгүй байна

Улаанбаатар хотод шинэ оны өмнөхөн шатахуун түгээх станцууд бензин, түлш хязгаарлалттай олгож, жолооч нар урт дараалалд дугаарлаж байв. Шинэ онтой зэрэгцэн нийслэлд шатахуун хэвийн олгож, урт дараалал ч алга болсон. Гэвч орон нутагт шатахуун олдохгүй, АИ-92 бензин 3000 төгрөг давсан гэдгийг иргэд хэлж байна. Бүр тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд АИ-92 бензин 3500 төгрөг хүрч, ганц  нэгхэн шатахуун түгээх станц шатахуун олгож байгаа гэнэ. Харин дизель түлш хэвийн олгож байгаа бөгөөд үнэ нь 4500 төгрөгийн үнэтэй байна.
Уул Уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өмнө нь мэдээлэл хийхдээ шатахууны импорт хэвийн байгаа. Бензин, түлшний үнэ нэмэхгүй гэж мэдэгдсэн.
Шинэ оны өмнө арванхоёрдугаар сарын 16-20-ны өдрүүдэд нефть импортлогч "Петровис", "Шунхлай", "Тэс", "Сод Монгол",  "Монсуль", "Газ-Ойл" нефть зэрэг комцанийн удирдлагууд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөллүүд ОХУ-ад ажиллаад ирсэн.  ОХУ-ын талаас Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Оросын хэсгийн дарга ОХУ-ын Байгалийн баялаг экологийн сайд, эрчим хүчний дэд сайд , Оросын төмөр зам хувьцаат нийгэмлэгийн хөдөлгөөн, тээвэр хариуцсан орлогч дарга, мөн Монголд нефть нийлүүлэгч гол аж ахуйн нэгжүүд болох "Роснефть", "Газфром" зэрэг байгууллагуудтай хэлэлцээ хийсэн.
Энэ уулзалтаар, 2024 эхний улиралд сар болгон 140 мянган тонн дизель түлш, 90 мянган тонн АИ-92 авто бензинийг худалдаж авах захиалга өгсөн талаар албаныхан мэдээлсэн. Холбогдох албаныхны зүгээс "Импортоор шатахуун орж ирдэгээрээ орж ирж байна. Хомсдол үүсчих вий гэж сэргийлэн хүмүүс банкаа дүүргэж байгаагаас дараалал ихэсч байна" гэдэг тайлбарыг өгч байсан юм.
ОХУ-ын төмөр замын зүгээс нийлүүлэгч захиалагч талууд гэрээгээ хийж, худалдан авах бүтээгдэхүүний тоо хэмжээг баталгаажуулсны дараа тээвэрлэлтийн графикаа гаргаад тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шийдэхээ мэдэгдсэн.
Шинэ оны өмнөхөн дизелийн түлшийг 40 тонноос дээш багтаамжтай тээврийн хэрэгслээр орон нутаг руу тээвэрлэхийг зөвшөөрсөн.
Өнгөрөгч 2023 оны долдугаар, наймдугаар сард "Роснефть"-ийн "Ангарский нефть" үйлдвэр есдүгээр сард засварт орно гэж мэдэгдсэн. Иймээс албаныхан үүсэх нөхцөл байдалтай уялдуулан 82 мянган тонн авто бензин, 152 мянган тонн дизель түлшийг нөөцөлсөн гэж мэдээлсэн юм. Гэвч 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын засгийн газраас маш гэнэтийн шийдвэр гаргаж шатахуун импортлогч бүх улсуудад хориг тавьсан. Ингээд Монгол Улс ОХУ-аас шатахуун авах боломжгүй болж, БНХАУ-тай холбогдож шатахуун импортолж эхлээд одоог хүртэл худалдаж аваад явж байгааг мэргэжилтнүүд тайлбарласан юм. ОХУ-ын Засгийн газар хуралдаанаар Монголыг хоригоос гаргах шийдвэр гарах хүртэл нөөцөлсөн нөөцөө хэрэглэж, шатахууны нөөц багассан гэдгийг онцолж байв.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ