Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2023-04-05
Г. Занданшатар: D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Дотоод Хэргийн Их Сургуулийн эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч суралцагчдад D-Parliament цахим системийн хэрэглээ, ач холбогдол болон хөгжүүлэлтийн талаар танилцуулж, санал солилцов.

Уг платформыг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нэг жилийн ойн босгон дээр ур чадвар, ёс зүйгээрээ түүчээлсэн ирээдүйн хууль сахиулагчидтай уулзаж буйг УИХ-ын дарга онцлов. Тэрбээр үргэлжлүүлэн, хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангах зорилготой D-Parliament цахим системийн хэрэглээг цааш түгээхэд тус сургуулийн бие бүрэлдэхүүн үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Одоогийн байдлаар D-Parliament платформд хэлэлцэгдэж байгаа болон өргөн мэдүүлсэн нийт 170 хуулийн төсөл байршиж, дэлхийн 81 өөр улсаас хандалт хийж танилцжээ. Энэхүү цахим систем нь технологийн хувьслаар дамжуулан нийгмийн аливаа асуудлыг дэвшүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт үйлчилгээний газрын захирал, Цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангах салбарын хүний нөөцийг 89 жилийн турш бэлтгэж ирсэн түүхт сургуульд маань хүрэлцэн ирж, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, ил тод байдлыг хангах санаачилгын хүрээнд нээлттэй мэдээлэл солилцож байгаад хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсэв. Түүнчлэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслүүдэд сургуулийн хамт олны төлөөлөл саналаа илэрхийлсэн юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ