Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-01-10
“Ногоон автобусны” гэх хэргийг мөрдөн шалгах явцад 11.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, шүүхэд шилжүүлэхээр Нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж 318,7 тэрбум төгрөгөөр 810 автобус худалдан авахаар зарласан тендерийн нийлүүлэгчээр шалгарсан “Тэнүүн огоо” ХХК-д тендерийн эхний санхүүжилт болох 134,561,367,100 төгрөгийг шилжүүлсэн байна.

Тендерийн хүрээнд эхний ээлжинд их багтаамжийн Евро-2 маркийн 100 автобус /ногоон/, дунд багтаамжийн 50 автобус, их багтаамжийн цахилгаан автобус 55 ширхэгийг тус тус нийлүүлжээ. Үүнээс техникийн шаардлага хангасан 46,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий их багтаамжийн цахилгаан 55 автобус, дунд багтаамжийн 50 автобусыг улсын орлого болгон хүлээн авсан байна.

Тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолт, шаардлагыг хангаагүй 88,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий их багтаамжийн 100 автобус /ногоон/-ны хохирлоос мөрдөн байцаалтын явцад 11,941,079,200 төгрөгийг бэлнээр нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэх нөхцөлийг ханган нийт 59 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө буюу 71,778,805,590 төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгааллаа.

Дээрх хэрэгт нийт 27 этгээд яллагдагчаар татагдсан ба үүнд УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 хүн татагджээ. Шинжээчийн дүгнэлтээр автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн болох нь тогтоогдсон байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ