Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-12-12
Ханиад томуугийн үед нярай хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байна

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний тархалт газар авч буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ захирал Ж.Байгалмаа "Томуугийн өвчлөл Монгол Улсад идэвхжилийн түвшин буюу шар түвшинд байна. Энэ жил томуугийн идэвхжил аравдугаар сарын эхээр эхэлсэн. 48 дугаар долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Хэдийгээр улсын хэмжээнд идэвхжилийн шар түвшинд байгаа ч Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгууд дараагийн түвшин буюу улбар шар түвшинд шилжсэн.

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Оюунчимэг: Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 15 эмнэлэгт 2126 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх орыг дэлгэж ажилласан байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас  харьяа байгууллагууд дээрээ 751 ор, ХЗДХ-ийн яам болон Батлан хамгаалах яамтай зөвшилцөн 120 гаруй орыг харьяа эмнэлгүүдээс нь татан оролцуулсан байна. Харин нийслэлийн хэмжээнд 1255 орыг нэмэлтээр дэлгэж ажиллаж байна. 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар 2345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Харин нийт эмнэлгийн яаралтай  тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа хүүхдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн хувь нь зөвлөгөө, мэдээлэл авч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагынхаа хяналтад шилжиж, гэрээр эмчлүүлж байна. Түүнчлэн, нийслэлийн түргэн тусламжийн мэдээллээр өчигдрийн байдлаар түргэн тусламжийн 1413 дуудлага ирсэн байна. Үүнээс хүүхдийн өвчлөлтэй холбоотой 483 дуудлага ирсэн бөгөөд үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаантай 238 дуудлага байсан. Үүний 4.6 хувийг нь эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн мэдээтэй байна. Ер нь, жил бүр болдог томуугийн улирал эхлэхэд бага насны хүүхэд, нярай, дутуу нярай, ахмад настан, суурь өвчтэй гэр бүлийн гишүүдээ хамгаалахын тулд гэр бүлийн гишүүн бүр халдварын сэргийлэлт, хяналтыг маш сайн сахих нь зүйтэй.  

Нярай хүүхдүүд хатгалгаагаар өвдөх нь их байна. Өндөр халуурах, бөөлжих, хөхөндөө дургүй болох, унтаарах нь нярайд аюултай шинж тул цаг алдахгүй эмнэлэгт хандах хэрэгтэй.

ХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Н.Болормаа: Энэ удаагийн томуугийн байдлыг харахад нярай хүүхдүүд хатгалгаагаар өвдөх нь эмнэлзүйгээр ажиглагдаж байна. Тиймээс нярай хүүхдээ өрхийн болон сумын эмчид үзүүлэхэд давтан үзүүл гэсэн тохиолдолд эцэг, эхчүүд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Ялангуяа нярайд аюултай шинжүүдийг мэдэж, эмнэлэгт хандах, цаг алдахгүй байвал сайн байна. Өндөр халуурах, бөөлжих, хөхөндөө дургүй болох, унтаарах нь нярайд аюултай шинж тул цаг алдахгүй эмнэлэгт хандах хэрэгтэй. Мөн цар тахлын үед бид маш их сургамж авсан. Тиймээс олон хүнтэй газар 0-5 хүртэлх насны хүүхдээ дагуулж явахгүй байх, маск зүүх, гараа угаах зэрэг ахуйн зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсэж байна.

Түүнчлэн, хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих талаар их асуудаг. Хүүхдийн дархлаа өөрөө онцлогтой. Дархлааг нь сайжруулахын тулд сайн унтуулж хооллох, хэт дааруулахгүй, халууцуулахгүй байх шаардлагатай. Мөн эцэг эхчүүдэд онцгой анхааруулах зүйл гэвэл хүүхэд тан ханиадны шинж тэмдэгтэй бол явуулахгүй байхыг зөвлөж байна гэлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ