Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 орчим хуулиас цахим шилжилтийг удаашруулах нөхцөл үүсгэж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг бүх шатанд хэлэлцүүлснээр 109 хууль нь УИХ-ын чуулганаар эцэслэн батлагдлаа.
УИХ-ын гишүүн Э.Батшугарын ахлан ажиллаж байгаа Инновац, цахим бодлогын байнгын хороо нийгэм, эдийн засгийн бүх салбарт цахим харилцаа, түүнд хэрэглэгдэх цахим баримт бичгийг баталгаажуулсан хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхээр зорьж, өнгөрсөн хугацаанд энэ ажилд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан байна.
109 хуулийн өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлснээр эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, банк санхүү гэх мэт олон салбарын харилцаа, гааль, татвар, улсын бүртгэл зэрэг төрийн бүх үйлчилгээнд цахим технологийн дэвшлийг ашиглах, хүний оролцоо, хүнд суртлыг халах, зардал төсвийг хэмнэх боломжууд нээгдэж байна.
Том агуулгаар нь зарим давуу талыг дурдвал:
-Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгов.
-Төр өөрт байгаа мэдээллийг цаасаар нэхэж, иргэдийг байгууллагууд хооронд олон дахин явуулдаг, хүндрэл учруулдаг байдлыг бүрмөсөн зогсоолоо.
-Компани байгуулах, тусгай зөвшөөрөл авах, банкны данс нээх гэх мэт бизнес эрхлэх гарааны үйл ажиллагаа бүрэн цахимжив.
-Эдгээр хуулиудаас 30 орчим нь банк, санхүүгийн байгууллагад хамаарах бөгөөд данс нээх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа цахимжиж, салбарын старт-апууд болох финтекийн хөгжлийг бодитоор дэмжлээ.
-Мөн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хурдан, шуурхай хүргэх, төвлөрөл, түгжрэлийг сааруулах зорилгоор төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгүүдийг хороо, сумын байранд байгуулахаар болов.
Ийнхүү олон салбарыг хамарсан өргөн хүрээнд хууль эрхзүйн орчинг бүрдүүлснээр Монгол Улсын цахим шилжилтийн шинэ үе эхэлж байна.