Цаг агаар
Валютын ханш
Уурхайн өгөөж
2023-04-05
ЗГ: 2023 оны эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж, “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш хагас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдлээ.Валютын нөөц нэмэгдэж, сүүлийн саруудад тогтвортой хадгалагдахад хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө. Тухайлбал, 2023 оны эхний гурван сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортоор гарч, 2019 оны мөн үеэс 2.5 сая тонноор, өмнөх оны мөн үеэс 10 сая тонноор тус тус өслөө гэж сайд мэдээллээ.

Мөн бүх төрлийн ашигт малтмалын экспортын гэрээ гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэгдсэнээр мэдээллийн ил тод байдал хангагдаж, АМНАТ-ийн тайлагналт, орлого нэмэгдлээ. Түүнчлэн уул уурхайн цахим арилжааны бирж 2023 оноос ажиллаж эхэлснээр нийт 800 мянган тонн нүүрсийг дуудлага худалдаагаар борлуулаад байна.

Цаашид экспортын үйл ажиллагааг сааталгүй үргэлжлүүлэх, хилийн нэвтрүүлэх чадварыг тогтвортой хадгалах, зохион байгуулалтыг оновчтой удирдах, экспортолж буй баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тулгамдаж буй асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ