Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэдийн эх орондоо оношлогдон, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүлж, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд нь сургаж чадавхижуулах зорилгоор Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг санаачлан “Зүрхний хэм хяналтын суулгацын интерактив мастер класс” сургалтыг 2024 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд анх удаа зохион байгууллаа.
УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдийн удирдан зохион байгуулсан дээрх мастер класс сургалтын хүрээнд Орхон аймгийн БОЭТ-ийн зүрх, судсан дотуурх оношилгоо эмчилгээний эмч мэргэжилтнүүдтэй хамтран орон нутгийн хоёр эмчлүүлэгчид зүрхний хэм хяналтын суулгацийг амжилттай суулгалаа.
Эмчлүүлэгчдийн эрсдэл өндөртэй хэм алдагдлын мэдээлэл нь автоматаар УГТЭ-ийн Хэм судлалын багт илгээгдэж байхаар тохируулагдсан байгаа бөгөөд ингэснээр алсын зайнаас тухайн эмчлүүлэгчдийг хянах, хэм алдагдлыг оношлох боломжийг нэмэгдүүлж, иргэдийн орон нутгаас хот руу чиглэсэн шаардлагагүй зардал, чирэгдлийг бууруулах ач холбогдолтой юм.
Зүрхний хэм хяналтын суулгац нь овор хэмжээний хувьд маш жижиг бөгөөд хүний арьсан доор байрлаж, 2-4 жилийн хугацаанд тухайн хүнд илэрсэн хэм алдагдлыг бүртгэн авч нотолгоожуулах бөгөөд энэ нь маш цөөн давтамжтай хэм алдагдлыг ч илрүүлж оношлох боломжийг бүрдүүлдэг.
Цаашид зүрхний хэм хяналтын суулгацыг орон нутгийн эмнэлгүүдэд бие даан хийж чаддаг болоход нь тус эмнэлгийн мэргэшсэн баг хамт олны зүгээс бүхий л талын арга зүйн дэмжлэг үзүүлж, эмч мэргэжилтнүүдийг нь ажлын байран дээр нь сургаж чадавхжуулах үйл ажиллагааг ийнхүү эхлүүллээ.