Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа.
Энэ үеэр дотоод, гадаад нөхцөл байдал, Монгол Улсын хилийн тухай хууль, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг үндэслэн шинэчлэн баталсан “Улсын хил хамгаалалтын дүрэм”-ийг гардуулж өглөө.
Улсын хил хамгаалалтын дүрэм шинэчлэн батлагдснаар хамгаалалтын арга тактик боловсронгуй болж, инженер-техник, мэдээллийн технологийг хил хамгаалалтад түлхүү ашиглах эрх зүйн орчин бүрдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо дархан хилийг сахин хамгаалж, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангах амаргүй, хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэн, төр, түмний хайр хүндлэлийг хүлээж буй хилчин дайчид, хилийн цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ.
“Улсын хил хамгаалалтын дүрэм”-ийг гардуулж өгөх арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс оролцов.