Улс орнууд хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь хэрэглэгчийг хэт өндөр хүүгийн төлбөр, өрийн дарамтад орохоос сэргийлэх, хүртээмжтэй зээлийн үйлчилгээ, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэн мөнгөн зээлийн үйл ажиллагаандаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, хууль батлах замаар нарийвчилсан зохицуулалтуудыг хийх бодлогыг барьж байна.
Зохицуулалтын ил тод байдал нь хэрэглэгчийн мэдээлэлд суурилсан илүү оновчтой шийдвэр гаргалтыг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлдэг. Манай орны хувьд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа нь тодорхой зохицуулалтгүй, салбарын нэгдсэн тоо баримт, бүртгэлгүй явж ирсэн нь өндөр хүү тогтоох, алданги торгууль давхардуулан тооцох зэрэг хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн сөрөг үр дагавруудыг үүсгэсэн тул УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 онд баталсан.
Хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөн хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулж, тус зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах чиг үүргийг хүлээсэн.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн энэ удаагийн хурлаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоохтой холбогдуулан хийсэн судалгааны ажил, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварын төсөл, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалын талаар хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Тодруулбал, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон ба тус зээлийн хүүгийн дээд хэмжээ, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг энэ оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоолоо.