Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон гал түймрийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын албаны 3 албан хаагчийн ар гэрт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоолд заасны дагуу 10 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болов.
Мөн ослын улмаас түлэгдэж, гэмтэж бэртэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 14 хүний эмчилгээний зардал болон гал түймэрт өртсөний улмаас нүүлгэн шилжүүлээд байгаа айл өрхүүдийн байр түрээслэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ. Үүний зэрэгцээ БХБЯ, Нийслэлийн холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг үнэлгээ хийж, засварлахаар ажиллаж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан стандарт, норм, техникийн зохицуулалтуудын хэрэгжилтийг шалгах, гамшгаас хамгаалах салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Ажлын хэсэг гаргаж ажиллахаар тогтлоо.