Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор эхлүүлэхийг Ерөнхий сайдын 2024 оны 01 дугаар албан даалгаварт даалгасан.
Энэ ажлын хүрээнд “Таватолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Чайна Энержи групп” ХХК-ийн Дэд захирал Кан Фэнвэй, Хятадын Үндэсний төмөр замын газрын Дэд дарга Ан Лушень болон холбогдох албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотноо хуралдаж, Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард багтаан эхлүүлэх ажлын явцын талаар ярилцлаа.
Мөн хоёр улсын хилээр нэвтрэх хяналт, шалгалтыг хурдасгах, шинэ технологи шийдлийг нэвтрүүлэх ажлыг зураг төсөлд тусгаж ажиллахаар санал солилцов.