Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2023-04-06
Д.Баярсайхан: Байгаль орчинд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалтыг бий болголоо

Монгол Улс дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орнуудын нэг юм. Цаг уурын тааламжгүй нөхцөл байдал улам бүр нэмэгдсээр байгаа нь уламжлалт мал аж ахуйд сөргөөр нөлөөлж, хотжилт, агаарын бохирдол нэмэгдэхэд хүргэж байна. Иймд Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ хүртээмжтэй ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-ны салбарт олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/-тэй хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, нийгэмлэгт гишүүнээр элсээд 13 жил болж байгаа бөгөөд Хорооны дарга Д.Баярсайхан Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилга /ECAPI/-ыг 2021 оны 6 дугаар сараас хойш даргалж байна. Ингээд өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн ач холбогдол болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.

-Хүртээмжтэй ногоон санхүүг хөгжүүлэх чиглэлд хамтран хэрэгжүүлсэн төслийн талаар товч танилцуулна уу. Ер нь төслийн гол зорилго юу байсан бэ?

-Санхүүгийн зохицуулах хороо олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгтэй хамтран ногоон санхүүгийн ач холбогдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ногоон бизнесийн орчинг бүрдүүлэх зорилгоор “Зохицуулалттай этгээдүүдэд ногоон санхүүжилт нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн. Дашрамд дурдахад, энэ төсөл ногоон санхүүжилтийн шинэ санаачилгыг дэмжих, энэ талаарх ойлголтыг нэмэгдүүлэх ач холбогдол өндөртэй төсөл болсныг онцолмоор байна. Юуны өмнө төслийн хүрээнд Монгол Улсын банк бус санхүүгийн салбарын ногоон санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг судалж, ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн гаргахад тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох судалгаа хийсэн. Судалгаагаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ББСБ-уудын “Байгаль орчны гүйцэтгэлийг үнэлэх: Ногоон индекс" хөгжингүй улс орнуудтай харьцуулахад сул байгаа нь ногоон санхүүжилтийг дэмжих дэд бүтцийг бүрдүүлэх шаардлагатайг харуулсан. Иймд бид ногоон санхүүжилт, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, үнэлгээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх мэдлэг мэдээлэл олгосон зөвлөмж боловсруулж зохицуулалттай этгээдүүдэд хүргүүллээ. Мөн тогтвортой хөгжлийн зарчмууд, ногоон бодлого, санхүүжилт, бүтээгдэхүүний ач холбогдлыг таниулах “Ногоон санхүүжилт” вебинар зохион байгуулав. Энэ үеэр оролцогч байгууллагууд ногоон үйл ажиллагаа явуулах боломжуудыг эрэлхийлэх хүсэл сонирхлоо илэрхийлж байсан.  

-ББСБ-уудад зориулан ямар төрлийн ногоон бүтээгдэхүүн, зөвлөмж шинээр гаргаад байна. Эдгээр нь хүртээмжтэй ногоон санхүүжилтийг дэмжиж чадаж байна уу?

-Бидний хувьд зохицуулалттай этгээдүүдээс санал болгож буй ногоон зээл, эрсдэлийн үнэлгээ, БОНЗ-ын тайлагналыг бодлогоор дэмжих замаар олон улсын зах зээлээс ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч үүний нэг адил ногоон бодлогыг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, тогтвортой, ногоон санхүүжилтийг хөгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Ногоон санхүүжилт – Бүс нутгийн чуулган”-ыг санаачлан зохион байгуулсан. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл 2018 онд Монгол Улсын Ногоон таксономийг баталснаар банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчид байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал, тодорхойлолт, шалгуур үзүүлэлтийг үйл ажиллагаандаа ашиглах боломж бүрдсэн. Дээрх санаачилгууд нь байгаль орчинд ээлтэй санхүүгийн салбарын суурийг бүрдүүлж чадсан юм.

Мөн өнгөрсөн онд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг баталсан. Энэхүү замын зураглалд тогтвортой санхүүг хөгжүүлэх тааламжтай орчинг бүрдүүлэх, төсөв, санхүүгийн үйл ажиллагааг ногоон хөгжилд чиглүүлэх, ногоон банк, санхүүгийн байгууллагыг хөгжүүлэх, БОНЗ, уур амьсгалын эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод, нээлттэй тайлагналыг дэмжих зэрэг томоохон зорилгыг дэвшүүлж, түүнд хүрэх арга хэмжээний төлөвлөгөөг 2-3 жилийн хугацаагаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд ББСБ-уудаас  гаргах нийт зээлийн багцын 5 хувийг ногоон зээлд хүргэх бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд ногоон зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор “Ногоон таксономи”-ийн ангиллын дагуу “Ногоон зээлийн тайлан”-г авч эхлээд байна. Мөн эдгээр байгууллагаас гаргаж буй ногоон зэээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, тогтвортой санхүүжилтийг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор байгаль орчин, нийгмийн хүчин зүйлстэй холбоотой эрсдэлийн удирдлагын журам боловсруулах үлгэрчилчилсэн зааврыг баталсан.

-Ногоон зээл нь улс орны тогтвортой хөгжлийг хэрхэн дэмжинэ гэж та үзэж байна вэ?

-Ногоон зээлийн аргачлалын дагуу зээл олгогч бүр юуны өмнө хүсэлт гаргагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ байгаль орчин, нийгэм засаглалын стандарт, шалгууруудыг хангасан эсэхийг харгалзана. Өөрөөр хэлбэл байгаль орчинд ээлтэй төслүүд санхүүжилт авах илүү боломжтой гэсэн үг. Төсөл хэрэгжүүлэхдээ тогтвортой байдлын нөлөөллийн хүчин зүйлсийг бизнесийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад нэвтрүүлэх, авсан зээлээ төслийн гүйцэтгэлтэй харьцуулах, үр дүнг тайлагнах, хянах зэргээр ногоон шаардлагуудыг хангах шаардлага үүснэ. Ийм байдлаар ногоон зээл нь зээл олгогчдын тавьсан стандарт, шалгуурыг хангах хөшүүрэг болсноор тогтвортой байдалд бодитой хувь нэмэр оруулах боломжтой.

Ногоон зээлийг оновчтой олгохын тулд зээлийн хүсэлт гаргасан этгээдийн үйл ажиллагаанд БОНЗ-ын үнэлгээ хийх шаардлагатай. Монгол Улсын хувьд арилжааны банкнууд 2015 оноос эхлэн зээл авах томоохон харилцагчдынхаа байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг үнэлдэг болсон. Бид энэ үнэлгээг ББСБ-уудад нэвтрүүлэхээр ажиллаж эхлээд байна.

-Ногоон бичил санхүүгийн экосистемийг хөгжүүлснээр ямар боломжууд гарч ирэх вэ?

-Бичил санхүүгийн экосистем нь ББСБ-ууд болон бизнес эрхлэгчид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхээс гадна хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэхэд хувь нэмрээ оруулах боломж олгодог. Бага хураамжтай бичил даатгал нь байгалийн гамшгаас үүдэлтэй эдийн засгийн цочролыг даван туулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг даатгалын экосистем сайн хөгжсөн орнуудаас харж болно. Бага хураамжтай ногоон даатгал, ногоон зээл нь иргэд, аж ахуйн нэгжүүдийг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, өдөр тутмын үйл ажиллагааныхаа байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хянах, сайжруулахад хүчтэй хөшүүрэг болж байна. Иймд Санхүүгийн зохицуулах хороо “ногоон даатгал”-ыг тодорхойлж, даатгалын компаниуд энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Үүний үр дүнд одоогийн байдлаар гурван төрлийн ногоон даатгалын бүтээгдэхүүн (цахилгаан автомашин, эрчим хүчний хэмнэлттэй даатгал)-ийг даатгуулагчдад санал болгож байна. 

Нөгөөтэйгүүр бичил санхүүгийн экосистем нь ирээдүйд байгаль орчинд эерэг өөрчлөлт авч ирэх боломжтой. Учир нь, манай улсад арилжааны банкнуудаас аж ахуйн нэгж болон иргэдэд олгосон нийт зээлийн маш бага хувийг ногоон зээл эзэлдэг. Ийм учраас бичил санхүүгийн байгууллагуудын ногоон зээлийг дэмжсэн оновчтой бодлого хэрэгжүүлж, ногоон бичил санхүүгийн экосистемийг бүрдүүлснээр ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх цаашилбал иргэдэд олгох ногоон зээлийг нэмэгдүүлэх боломжтой болно. Эцэст нь хэлэхэд, ногоон бичил санхүүгийн экосистем нь “ногоон өрсөлдөөн”-ийг дэмжиж, бизнес эрхлэгчдийн амжилтыг байгаль орчинд ээлтэй байдлын түвшингээр хэмждэг болох, үр өгөөж нь уур амьсгалын үйл ажиллагаатай шууд хамааралтай байх зэргээр тодорхойлох боломжийг олгоно гэдэгт найдаж байна.

-Энэ хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлаасаа онцолбол...? 

-Өмнө нь дурдсанчлан, Монгол Улс Ногоон таксономиг баталсан анхны улсуудын нэг ба уг таксономид тусгасан ногоон зээлийн ангиллыг ашиглаад даруй 5 жил болж байна. Харин одоо бичил санхүүгийн болон даатгалын байгууллагуудад зориулж шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна. Түүнчлэн ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлээд байгаа банк бус санхүүгийн байгууллагуудынхаа чадавхыг улам сайжруулах, БОНУ-ын стандарт, эрсдэлийн үнэлгээ, тайлагналын хэрэгжилтийг хангуулах чиглэлд бодлогоор дэмжиж ажиллаж байна. Хүртээмжтэй ногоон санхүүжилтийг нэмэгдүүлснээр зах зээлд илүү дэвшилтэт, шинэлэг, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтэрч, цаашлаад шаардлагатай хууль эрх зүйн орчин бүрдэж, тэдгээрийг дэмжих өртөг багатай санхүүжилт ч өсөх болно.

Эх сурвалж: https://www.afi-global.org/ 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ