Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцох хамтарсан уулзалт өнөөдөр боллоо.
Цагдаагийн байгууллага нь Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хууль, Шүүхийн тухай хуульд заасны дагуу улсын хэмжээнд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа хэргийн оролцогчдыг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан шүүгдэгчийг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Шүүхийн байгууллагаас сүүлийн 3 жилд нийт 18,200 хүнийг эрэн сурвалжлуулахаар цагдаагийн байгууллагад даалгасны дагуу 92.7 хувь буюу 16,883 хүнийг олж тогтоон, харьяа шүүхэд хүлээлгэн өгсөн.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд “Бид 2024 онд хүний нөөцийн бодлогод анхаарал хандуулж, шинэ залуу алба хаагчдыг тусгай хөтөлбөрөөр мэргэшүүлэн, сурган дадлагажуулах, шүүхийн аюулгүй байдал, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах зорилгоор орчин үеийн дэвшилтэд техник, технологи, тээврийн хэрэгслийг шийдвэрлэх зэрэг асуудлуудад анхаарч ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа үргэлж нээлттэй, ахиц, амжилттай байна гэдэгт итгэлтэй байна” гэж онцоллоо.