УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос өнгөрсөн 2022 оны аравдугаар сард арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлэх бодлогын хүрээнд түүхий эдийн бодит нөөц, үйлдвэрүүдийн чиглэл, хүчин чадлын хэрэгцээг тооцож, “Эмээлт эко” аж үйлдвэрийн паркийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгоод буй. Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Д.Батлут, Д.Өнөрболор нар 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим арьс ширний үйлдвэрүүдэд очиж, нөхцөл байдалтай нь танилцлаа.
Эхлээд “Булигаар” ХК-ийн үйлдвэрийн байранд очсон юм. Тус компани нь бод, богийн арьсыг хагас болон гүйцэд боловсруулан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд борлуулдаг юм байна.
Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Бид өнөөдөр зөвхөн арьс, шир л боловсруулж байна. Арьснаас маш олон төрлийн түүхий эд гардаг. Арьсан бүтээгдэхүүнээс гадна цавуу, саван болон төрөл бүрийн бордоо үйлдвэрлэх боломж бий. Гэвч үйлдвэрээ өргөжүүлэх газар байхгүй. Үйлдвэрүүдийг “Эмээлт эко” парк руу нүүлгэх гэж байгаа нь маш зөв шийдвэр болсон. Төрөөс “Эмээлт эко” паркийн дэд бүтцийг бүрэн шийдчихвэл бид өнөөдөр ч нүүхэд бэлэн. Нүүсний дараа үйлдвэрээ өргөжүүлж олон төрлийн бүтээгдэхүүн гаргах кластер маягаар үйлдвэрүүдээ хөгжүүлэх, цаашлаад олон улсад ч өрсөлдөх боломж бий” гэв.
Түүнчлэн арьс ширний үйлдвэрүүдэд тулгамдаад буй бас нэг асуудал нь үйлдвэрт ирж буй арьс стандартад нийцдэггүй, маш их гэмтэлтэй байдаг гэнэ. Малын гаралтай халдварт өвчин, нядалгааны үеийн механик гэмтэл зэргээс нийт ирж буй арьсны 30-50 хувь нь стандартын шаардлага хангадаггүй юм байна. Тиймээс малын эрүүл мэндэд анхаарах, стандартын шаардлага хангасан нядалгааны газартай болох нь зүйтэй гэдгийг тус үйлдвэрийн удирдлагууд хэлж байсан юм.
УИХ-ын гишүүн Т.Аубакир “Арьс ширний үйлдвэрүүдэд ирж байгаа арьс малын гаралтай халдварт өвчин, стандартын бус нядалгаа зэргээс маш их гэмтэлтэй ирдэг юм байна. Үүн дээр зохицуулалт шаардлагатай нь харагдаж байна. Түүнчлэн арьс, ширний үйлдвэртэй холбоотой тоног төхөөрөмжийг гаалийн болон, НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудал зайлшгүй яригдах ёстой. Энэ мэтчилэн бид маш олон асуудлыг Байнгын хорооны цааш цаашдын хурлуудад оруулж, тодорхой шийдвэрүүдийг гаргаад явна” гэлээ.
2012 онд УИХ-ын 74 дүгээр тогтоолоор Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттай нүүлгэхээр болсон. Үүнээс хойш 10 орчим жил арьс шир боловсруулах үйлдвэрүүд хэзээ нүүхээс шалтгаалан үйл ажиллагаагаа өргөжүүлэхгүйгээр хүлээлтийн байдалд орсон гэдгээ үйлдвэрийн удирдлагууд илэрхийллээ. Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадавхжуулах, боловсруулах шатыг ахиулж технологижуулах бодлого баримталж байгаа энэ цаг үед арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн боловсруулах шатыг ахиулах нь үнэгүйдсэн малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэ цэнтэй болгоод зогсохгүй малчдын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгож, экспортын зах зээлд эцсийн бүтээгдэхүүн гаргаж валютын урсгалыг бий болгох гээд олон чухал ач холбогдолтой учраас Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүдийн зүгээс хууль эрх зүй, болон бодлогын дэмжлэг үзүүлж Арьс шир боловсруулах үйлдвэрийн паркийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулна хэмээн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ярилаа.
Үүний дараа Байнгын хорооны гишүүд арьсан үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бест шүес” ХХК-ийн үйлдвэрт очиж, ажиллалаа. Тус компани дэлхийн шилдэг техник технологиор чанартай бөгөөд хямд гутал үйлдвэрлэж, 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа аж.
Гутлын үйлдвэрийн хувьд төрийн худалдан авалтаар дэмжих, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулж, шударга өрсөлдөх боломжийг бий болгож өгөхийг хүсэж байсан юм.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин “Дотоодын үйлдвэрлэгчид маань хэд хэдэн асуудлыг хөндөн ярилаа. Нэн түрүүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах. Мөн Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийг яаралтай гаргаж өгөхийг хүсэж байна. Бид энэ хаврын чуулганаар энэ хуулиудыг боловсруулж, нэн даруй батлуулах шаардлагатай нь харагдаж байна. Түүнчлэн үйлдвэрлэгчид “Эмээлтийн эко” парк руу нүүхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Үүний тулд дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үйлдвэрлэгчид санал нэгтэйгээр хэллээ. Бид энэ тал дээр мөн асуудал урт хугацаа, бага хүүтэй зээлийг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Энэ тал дээр мөн анхааран ажиллана” хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.