Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-02-05
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид пестицид, эм болон хүнд металлын үлдэгдлийг бүрэн тодорхойлох боломж бүрджээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар нар Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа. 

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (ХАБҮЛЛ)-ийг 2010 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулснаас хойш тоног төхөөрөмжийг нь шинэчлэх санхүүжилтийг төсөвт огт суулгалгүй явж ирсэн.

Үүний дүнд Монгол Улс хүнсний аюулгүйн үзүүлэлтүүдээ 60 хувьтай тодорхойлж байгааг наанадаж 80 хувьд хүргэх зорилтын хүрээнд үндэсний лабораторийн хүчин чадлыг дээшлүүлэх тодорхой төсөв хөрөнгийг энэ оны улсын төсөвт суулгаад байгаа юм.

Энэ хүрээнд мэргэжилтнүүдийн санал санаачилгыг сонслоо.

Улсын төсвийн хөрөнгөөр 2024 оны 1 дүгээр улиралд багтааж багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр пестицидийн үлдэгдэл, эмийн үлдэгдэл, хүнд металлыг 100 хувьтай тодорхойлох чадамжтай болох тухай лабораторийн мэргэжилтнүүд энэ үеэр хэллээ.

Гэсэн хэдий ч олон жил засвар шинэчлэл хийгдээгүй тус лабораторийн тоног төхөөрөмж, барилгад энэ удаад ч урсгал засвар, шинэчлэл бүрэн хийгдэж чадахгүй болохыг ч мөн дуулгасан юм. Тухайлбал, лабораторийн орчин гадаах агаарын орчноос бүрэн тусгаарлагдсан байх ёстой учраас агааржуулалтын систем 100 хувь ажиллах ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд агааржуулалтын системийн урсгал засвар, шүүлтүүрийг засахгүй явж ирснээр одоогийн байдлаар 3-ний 1 нь л ажиллагаатай үлджээ. Энэ нь ажилчдын эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй юм.

Мөн хүнсний бүтээгдэхүүнийг шинжлэх гол эх үүсвэрүүдийн нэг болох урвалж бодисын зардлыг сүүлийн 2,3 жил төрийн хэмнэлтийн хуулиар 50 хувь бууруулсан нь лабораторид хийгдэх үзлэг шинжилгээг төдий чинээ бууруулсан. Энэ оны төсөвт урвалж, бодисын хангалт нийлүүлэлтэд тодорхой мөнгө суулгасан ч урд урдны жилүүдэд хуримтлагдсан өрөнд суутгагдаж мөн л бүрэн ажиллах нөхцөл хомс байгаа талаар уламжиллаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахыг Стандарт, Хэмжил зүйн газрын дарга С.Батбаатарт даалгаад, Эрүүл мэндийн яам, Сангийн яам зэрэг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдийг хамруулсан ажлын хэсэг байгуулж, тулгамдсан асуудлуудыг дотооддоо шийдвэрлэх боломжтой эсэхийг судалж, ойрын хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ