Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2024-02-06
П.Сайнзориг: Гал түймэрт өртсөн орон сууцны иргэдэд түрээсийн төлбөрийг олгоод байна

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын дараах сэргээн босгох ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодрууллаа.

-“Дүнжингарав” худалдааны төв орчимд болсон ослын дараах сэргээн босголтын ажил хэрхэн үргэлжилж байна вэ?

-Нийслэлийн зүгээс гал түймрийн нөлөөнд өртсөн орон сууцнуудыг үе шаттайгаар сэргээн засварлаж байна. Гал түймэрт өртсөн 207 дугаар байрны хийц бүтээц, ашиглаж болох эсэхэд эцэслэн дүгнэлт гаргах 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байна. Гуравдугаар сард дүгнэлт эцэслэгдэн гарна. Тухайн барилгыг үргэлжлүүлэн ашиглаж болно гэсэн дүгнэлт гарвал сэргээн засварлаж эхлэх юм. Сэргээн засварлах ажил нь хэрэг хянан шийдвэрлэх үйл явцын нэг хэсэг болдог. Тиймээс тухайн ослыг хянан шийдвэрлэх явцад аль нэг этгээд буруутай болох нь тогтоогдвол нөхөн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулна. Даатгалд хамрагдсан тодорхой хэдэн орон сууцны засварыг даатгал нь хариуцна. Энэ хугацаанд 207 дугаар байрны 60 гаруй өрхийн 190 орчим иргэнийг түрээсийн орон сууцанд оруулах ажил үргэлжилж, түрээсийн төлбөрийг олгоод байна. Мөн ёмкость дэлбэрч, мөргөсөн 830 дугаар байрны 200 орчим айл өрхийн орон сууцны цонх хагарсныг засварласан. Тухайн барилгын хийц бүтээцэд мөн дүгнэлт гаргахаар үзлэг шалгалт хийж байгаа.

-Түрээсийн төлбөрт дунджаар хэдэн төгрөг олгож байгаа вэ?

-Иргэд түрээсийн байраа өөрсдөө олох юм. Нийслэлийн зүгээс төлбөрөө төлөх нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Энэ хүрээнд 1-3 өрөө, тавилгатай байр түрээслэх сарын 2,200,000-3,250,000 төгрөгийг энэ оны есдүгээр сарын 20-н хүртэл байхаар тооцон олгож байна. Гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.

-Тухайн орон сууцны барилгуудыг цаашид ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарвал засварыг хэрхэн хийх вэ?

-Эцсийн дүгнэлт гарсны дараа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэгч компанийг шалгаруулж, гэрээ байгуулан, засварын ажлыг шуурхай гүйцэтгүүлнэ. Нийслэлийн харьяа инженер хангамжийн байгууллагууд ашиглах боломжтой гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа. Гэсэн хэдий ч хууль тогтоомжийн дагуу тал талын оролцоотойгоор бүх мэргэжлийн байгууллага ажиллан, дүгнэлт гаргах ёстой.

-Цаашид энэ төрлийн аюул ослоос урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо шиг хүн амын нягтаршил, барилга ихтэй байршлуудад стандартын бус хашаа, хайсыг буулгах, орц, гарцыг нэмэгдүүлэх замаар гал команд, түргэн тусламж цаг алдалгүй ирэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс Баянзүрх дүүрэг төдийгүй нийслэлийн хэмжээнд байгаа СӨХ, аж ахуйн нэгжүүдэд стандартын бус хашаа, хайсыг буулгах мэдэгдэл хүргүүлж байгаа. Хотын стандарт, барилгын норм дүрэм, хууль тогтоомжийг зөрчин, чанаргүй барилга ашиглалтад оруулж байгаа төрийн болон хувийн байгууллага, албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага, ашиглалтад орсных нь дараа хариуцах СӨХ-ны үүрэг зэргийг тодорхой болгох шаардлагатай байна. Нөгөө талаас иргэд ч мөн хариуцлагатай байж, худалдан авч буй байраа стандартын шаардлага хангасан эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, дүгнэлтэд үндэслэх, орон сууцаа даатгуулах, СӨХ-дод шаардлага тавьж байх хэрэгтэй. Тал талдаа хариуцлагатай байх нь зүйтэй юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ