Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-02-08
УНТЭ: Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажил энэ онд эхэлнэ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон туулай жилийн ажлаа дүгнэж луу жилийн зорилтоо хэлэлцэх тайлангийн хурлаа хийлээ.

УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал тайлангийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Манай хамт олон 2023 онд амжилт бүтээл ихтэй, салбартаа манлайлан ажилласан гэдгийг онцгойлон хэлмээр байна. Өнгөрсөн онд манай эмнэлгээс хоёр баг "Алло болон Ауто цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн", "Өвдөг, мөрний нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн" бүтээлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал хүртсэн.

Бид өнгөрсөн онд иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, үр дүнд онцгой анхаарч ажилласан бөгөөд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоогоор олсон орлогоос 2023 онд 2,1 тэрбум төгрөгийг эмнэлгийн засвар үйлчилгээнд зарцуулсан. ЭМЯ-ны хөрөнгө оруулалт 879 сая, өөрийн орлогоос 870 сая нийт 1,7 тэрбум төгрөгийг эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөө шинэчлэхэд зарцууллаа.

Энэ оны улсын төсөвт Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай 43 тэрбум, эмнэлгийн гадна фасад шинэчлэх 3,0 тэрбум, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 5,5 тэрбум төгрөгийг суулгуулсан.

Мөн Олон улсын атомын энергийн агентлагаас эмчилгээ, үйлчилгээнд нэн шаардлагатай Спект СТ аппарат авах 3,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн сайхан мэдээг хуваалцаж байна. Төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлж чадвал та бидний үзүүлж буй эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж хэдэн шатаар ахих боломжтой болох юм" хэмээсэн.

Тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 2023 онд 53 мэс засал хийж 200+, Бөөр шилжүүлэн суулгах баг 39 мэс засал хийж 300+, үүдэл эс шилжүүлэн суулгах баг хоёр мэс заслыг амжилттай хийж олон улсад энэхүү амжилтаа тайлагнан “Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын хурал”-ыг найм дахь жилдээ амжилттай зохион байгуулсан байна.

Өнөөдрийн байдлаар УНТЭ нийт 824 эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр ард иргэдэд эрүүл мэндийн төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм. Хүний нөөцийн бодлого, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2023 онд 89 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг өндөр хөгжилтэй орны 15 байгууллагад сургалтанд хамруулжээ. Мөн 120 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Олон улсын хурал семинарт оролцсон байна.
Энэ онд тус эмнэлэг сувилагч, сувилахуйн мэргэжилтний ажлын ачааллыг бууруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьсан бөгөөд уг зорилтдоо хүрэхийн тулд хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүүлэхээр төлөвлөжээ.

Тайлангийн хурлын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, иргэдийн эрүүл мэндийн төлөөх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ЭМЯ-ны болон Ерөнхий захирлын нэрэмжит шагналыг гардууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ