НОК-ын Нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудын 284 ажилтан, алба хаагч 48 техник хэрэгсэлтэйгээр гар аргаар болон механизмаар 8460 метр суваг, шуудуу татаж, 400 тонн гаруй мөсийг тээвэрлэн, далан босгох ажлыг зохион байгуулсан. Халиа тошингийн нөхцөл байдлаас шалтгаалж есөн айл хашаандаа байх боломжгүй болж, долоон айл нүүсэн. Хоёр айлыг онцгой байдлын байгууллагаас нүүлгэн шилжүүлээд байна. Есдүгээр сард олон жилийн дунджаас 1-1.5 дахин их хур тунадас орсон. 11-12 дугаар сард олон жилийн дунджаас 2-3 дахин их цас орж, Улаанбаатар хотод 17-19 см цасан бүрхүүл тогтсон. Эдгээр нь цаашид шар усны үер үүсэж болох нөхцөлийг бүрдүүлж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс НОК-т зөвлөмж ирүүлсэн" гэв.
Үүнтэй холбогдуулан НОК хуралдаж, Засгийн газрын 2018 оны Гамшгийн зэрэг тогтоох журмын дагуу үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшинг тогтоолоо. Ийнхүү халиа тошинд өртсөн айл өрхийн аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, далан босгох, суваг шуудуу татах, лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэж, ус чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна гэлээ.