Эрүүл мэндийн яамнаас архинд донтох эмгэгтэй хүнийг оношлох, эмчлэх, нөхөн сэргээх стандартыг шинэчлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Өнөөдөр болсон уг хэлэлцүүлэгт ДЭМБ, СЭМҮТ, Аддиктологийн төв, Монголын донтох эмгэг судлаачдын нийгэмлэг, “Мааньт” албадан эмчилгээний эмнэлэг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, ШУТИС-ийн багш нар зэрэг архи согтууруулах ундааны чиглэлээр ажиллаж буй 34 эмч, мэргэжилтэн оролцсон.
Хэлэлцүүлгийн үеэр архинд донтох эмгэгтэй хүнтэй ажиллах арга барил, нөхөн сэргээх стандартыг сайжруулах, донтох эмгэгээр мэргэшсэн эмчийн хүний нөөцийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн бөгөөд “Архины эмчилгээний үеийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр СЭМҮТ-ийн захирал анагаах ухааны доктор В.Баярмаа, “Архины эмчилгээний үндсэн зарчим ба АА цуглааны үр нөлөө” сэдвээр Аддиктологийн төвийн эмч Д.Чулуунболор нар мэдээлэл хийв.
Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдыг таван бүлэгт хуваан тодорхой сэдвээр ярилцан, харилцан санал бодлоо солилцох боломжийг олгосон төдийгүй цаашид донтолтын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэлээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.