БНСУ-ын Үндэсний тэтгэврийн алба 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Зүүн Азийн улсуудын хөдөлмөрийн атташе, нийгмийн даатгалын байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Доржсүрэн, Нийгмийн даатгалын тасгийн гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Долгормаа нар оролцлоо.
Монгол Улсаас гадна Тайланд, Шриланк, Камбож, Вьетнам, Филлипин улсуудын хөдөлмөрийн атташе оролцсон тус семинарын үеэр Үндэсний тэтгэврийн алба "БНСУ-ын нийгмийн хамгааллын тогтолцоо", хиймэл оюун ухаанд тулгуурлан шинээр нэвтрүүлж буй “Global business of NPS” хөтөлбөрөө танилцуулж, Зүүн Азийн улсуудын хөдөлмөрийн атташе хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, гадаад ажилчдын тэтгэврийн эрхийг хамгаалах тогтолцоог сайжруулах зэрэг асуудлаар улс орнуудын төлөөлөгчид санал солилцлоо.
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн Үндэсний тэтгэврийн албаны тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөх 9 жилийн хугацааг сунгахыг санал болгосон бөгөөд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн алба энэ асуудлыг судалж шийдвэрлэхээр боллоо.