Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2024-02-28
Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

-Монгол, Макаотой шууд харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх суурь гэрээнүүд бүрэн байгуулагдлаа-

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ажлын айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Макаогийн Захиргаа, хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Андрей Чеонг Вэн Чон нар “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр”-т 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурлаа.

Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаотой 2014 онд “Хүн худалдаалахтай тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээр, 2017 онд “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээр, 2019 онд “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийг тус тус байгуулж байсан бол 2024 онд ийнхүү “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр байгуулснаар хоёр талын хуулийн байгууллагууд хоорондоо шууд харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх суурь гэрээнүүд бүрэн гүйцэд байгуулагдаж байна.

“Монгол Улсын Засгийн газраас “5 ш” ажиллагааны хүрээнд улс орнуудтай хамтарсан хоёр талын ялтан солилцох, мэдээлэл солилцох, харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийг байгуулж байгаа. Монгол Улсын иргэдийн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод зорчих хөдөлгөөн сүүлийн үед нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад манай улсын иргэд хэрэг төвөгт холбогдох асуудлууд гарч байна. Өнөөдрийн энэхүү хэлэлцээр байгуулснаар хоёр орны иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, харилцан мэдээлэл солилцох хурд нэмэгдэж тэр хэрээр иргэн аж ахуйн нэгжүүдэд түгээмэл тулгардаг иргэний маргааны асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм” гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр онцоллоо.

Уг хэлэлцээр нь 19 зүйлтэй бөгөөд эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, иргэн хуулийн этгээдийн эрх зүйн хамгаалалт, туслалцаа үзүүлэх журам, гэрч болон шинжээчид холбогдох зохицуулалт, туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг тусгасан байна.

Монгол Улс одоогийн байдлаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр нийт 23 улстай, 36 хоёр талт олон улсын гэрээ байгуулсан бөгөөд үүний 16 нь иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгаа юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ