Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-02-28
Метро барьж байгуулах бүтээн байгуулалтад ₮333 тэрбумыг төлөвлөжээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар мөн Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ₮333.0 тэрбумаар,тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд ₮54.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ. 

Мөн төсвийн тодотголоор Энхтайван өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамжаас-Их Монгол улсын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Жанжин Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуугаар тохижуулах ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Түүнчлэн Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн тохижилт, ногоон байгууламжийг бий болгох , сургууль цэцэрлэггүй томоохон хотхон хорооллуудын төлөвлөлтийн алдааг засаж, тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн энэ оны хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тодотголд тусгажээ. Тухайлбал, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажилд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг тодотголын төсөлд тусгасан байна. Мөн Алтай хотхон, Кинг тауэр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Материал импекс...зэрэг хүн амын хэт төвлөрөл бүхий хотхон, хорооллуудад улсын сургууль барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөлд хүрч, сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлж, дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтыг хийж эхлэх юм.

Төсвийн тодотголд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг ₮2,598.9 тэрбум байхаар тооцож байна. Үүнийг төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний харьяа агентлагууд, дүүргүүдээс төвлөрүүлнэ. Мөн нийслэлийн татварын орлого ₮50 тэрбум, татварын бус орлого ₮68.8 тэрбум байх аж.

Төлөөлөгчид сургууль, цэцэрлэг, газар чөлөөлөлтийн асуудлаар тодруулга авлаа

Харин төлөөлөгчид сургууль, цэцэрлэг, газар чөлөөлөлт, дэд бүтцийн асуудлаар голдуу хөндлөө. Төлөөлөгч Ү.Оюунзул БЗД-ийн 38 дугаар хороонд баригдах сургуулийн талаар тодруулсан юм. Тус  хороонд 600 гаруй хүүхдийн сургууль барих газрын асуудал шийдэгдсэн байна. Тиймээс нийслэлийн төсөвт санхүүжилтийг нь шийдвэрлэх боломж бий эсэхийг тодрууллаа. Харин төлөөлөгч Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүрэг дэх Хос даль хотхонд барих сургуулийн газрын асуудлаар танилцуулахыг хүсэв.  Газрын асуудал нь шийдэгдвэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих боломжтой гэдгийг ч илэрхийлэв.  Хос даль хотхоныг Жигүүр  гранд групп барьсан бөгөөд анх төлөвлөлтдөө  сургуультай байхаар архитектурын даалгавраа батлуулсан. Гэвч газрын зөвшөөрөл авснаас хойш А даалгавраа 3 удаа өөрчлүүлсэн. Улмаар эмнэлгийн зориулалттай болгож газрын эрхээ өөрчлөөд байгаа аж. Нийслэлийн зүгээс томоохон хотхон хорооллууд дахь газар дээр сургууль, цэцэрлэг барих зөвшилцлийг хувийн хэвшлийнхэнтэй хийж буй. Тус компанийн хувьд  эмнэлгийн зориулалттай газрыг сургуулийн зориулалттай болгох  боломжтой бөгөөд оронд нь өөр газар шийдэж өгөх хүсэлтийг албан бичгээр ирүүлээд байгаа аж. Баянзүрх дүүрэгт  шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн асуудлыг төлөөлөгч П.Наранбаяр мөн тодрууллаа. Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд газар чөлөөлөлт хийсэн байна. Гэхдээ газрын эзэмшигч хоорондын өмчийн маргаанаас үүдэлтэй бүрэн шийдэгдээгүй байгаа аж. Гэхдээ эдгээр хороо болон Баганат өргөө компанитай хийсэн хэлцлийн хүрээнд сургууль, цэцэрлэг барих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдөр хийнэ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ