Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-02-28
Автобус баазуудыг байгуулна

НИТ-ийн хуралдаанаар мөн Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар уг асуудалтай холбоотой танилцуулгыг төлөөлөгчдөд хийлээ.

Нийслэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жилээс эхлэн энэ оныг дамжин их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус нийт 810 автобус худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн Морингийн даваа, Сонгинохайрхан тахилтад шинээр автобусны дулаан зогсоол, цахилгаан автобус цэнэглэх боломжтой засвар үйлчилгээний төв, угаах цех, кузов засвар, шатахуун түгээх станц, шалган нэвтрүүлэх байр бүхий цогцолбор, засвар үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Эдгээр баазыг энэ оны тавдугаар сард ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байгаа. Иймд шинээр худалдан авсан их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хувийн хэвшлүүдэд төлбөртэйгөөр ашиглуулах, 2 цогцолбор төвийг богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж, техникийн хүчин чадлыг оновчтой хуваарилах шаардлага үүсээд буйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулсан юм.

 

Одоогийн байдлаар Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч газрын бүтэц орон тооны хувьд 399 сул орон тоо байгаа. Тодруулбал, автобусны жолооч нарын цалин хөлс 1.5-2.0 сая төгрөг байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн газраас Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахад MNS 5012:2021 стандартын дагуу өөрийн өмчлөлийн дулаан зогсоол, засварын байртай байх, хүний нөөц хангалттай байх зэрэг саналыг ирүүлсэн. Энэхүү саналд тулгуурлан “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-уудыг өөрчлөн зохион байгуулалт хийж, дараах байдлаар шилжүүлэх санал гаргасан юм. Үүнд:

Автобус нэг ОНӨААТҮГ: ХУД-ийн гуравдугаар хороонд байрлах “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр бааз, БГД-ийн 20 дугаар хороонд байрлах Тэнүүн огоо ХХК-ийн 1 дүгээр баазуудыг нэгтгэх

Автобус хоёр ОНӨААТҮГ: СХД-ийн 37 дугаар хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамжинд байрлах “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазыг ашиглах саналыг хэлэв.

Гол нь одоо байгаа хоёр баазын зохион байгуулалтыг шинэчлэхгүй бол Тахилт дахь баазаас Ургах нарангийн чиглэлийн автобус гарах тохиолдол хүртэл бий аж. Өөрөөр хэлбэл, чиглэлийн автобус 30 км-ийн зайтай баазаас үйлчилгээнд гарч буй нь үйлчилгээний хүртээмж муу байхаас гадна эдийн засгийн хувьд алдагдалтай болж байгаа юм. Засаг дарга Х.Нямбаатар мөн төлөөлөгчдийн асуултад хариулахдаа “Өнөөдөр өглөө нийтийн тээврийн үйлчилгээнд 1000 автобус гарсан. 49 автобус жолооч байхгүй гэдэг шалтгаанаар гараагүй. Тахилтад гэхэд 150 шинэ автобус жолоочгүйн улмаас үйлчилгээнд гараагүй бол мөн 50 автобусны төлбөрийн карт унших төхөөрөмжийг суурилуулахаар хүлээж байна” гэлээ.

 

.“Зорчигч тээвэр I”, “Зорчигч тээвэр II”, “Зорчигч тээвэр III”, “Зорчигч тээвэр IV”, “Зорчигч тээвэр V” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахыг дэмжлээ. Мөн Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, эрх үүрэг хариуцлагыг тогтоолын хавралтад заасан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжүүлэхийг дэмжив. Энэхүү зохион байгуулалт, өөрчлөлтийг 2024 оны хоёрдугаар улиралд багтаан хийх юм.

 

 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ