Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөл өнөөдөр хуралдаж, 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн хэлэлцлээ.
Өнгөрсөн онд тус зөвлөл нийт 43 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, үер усны аюул, гал түймэр, хүн, мал амьтны гоц халдварт өвчин болон гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, судалгаа…зэрэг долоон чиглэлээр хэрэгжүүлсэн дээрх 43 арга хэмжээний гүйцэтгэл 87.3 хувьтай биелсэн гэж дүгнэж байна.
Тухайлбал, Улаанбаатар хотод үүсээд байгаа халиа дошин, шар усны үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний талаар НОБГ-ын Эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Нямдорж танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн халиа, шар усны үерийн өртөх байдлын үнэлгээг тооцоход их гэсэн түвшинд үнэлэгдсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 3947 объект үүнд өртөхөөр байна. Иргэд голын татам, тэдгээрийн эрэг орчмоор суурьшиж байгаа нь халиа дошин болон шар усны үерийн эмзэг байдлыг нэмэгдүүлж байна” гэсэн юм.
Харин ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, улс, нийслэлийн онцгой комиссууд урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиг үүргээ бүх түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай”-г хэлсэн юм.
Улаанбаатар хотын үерийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодози, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий менежер С.Батсайхан далан сувгийн засварыг шинэчилж, ус зайлуулах шугам сүлжээний өргөтгөлийг хийсэн талаарх мэдээллийг өгөв. Мөн ус ихээр тогтдог төв замын 44 байршилд 13 км салбар шугам угсралтын ажил хийж гүйцэтгэсэн байна. Үерийн эрсдэлтэй 2316 нэгж талбар байгаа бөгөөд 341 гэр байшин, 497 хоосон хашааг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн үерийн хамгаалалтын далан суваг, борооны усны шугам сүлжээний ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн эрсдэл 60 орчим хувиар нэмэгдсэн гэж үздэг. Нийслэлийн Онцгой комисст Ус цаг уурын газраас өгсөн мэдээллээр ойрын үед огцом дулаарах магадлалтай байна. Иймд халиа дошин өмнөх жилүүдээс өндөр байх эрсдэлтэй гэсэн үг. Гамшгийн эрсдэлийг бууруулах салбар зөвлөл энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатай”гэж тодотголоо.
Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тус зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хурлын төгсгөлд танилцуулав. Төлөвлөгөөг боловсруулахдаа гишүүн 9 байгууллагаас 36 санал авсан байна. Улмаар саналуудыг эрэмбэлэн нэн тулгамдсан асуудлын эрсдэлээс сэргийлэх чиглэлд 42 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан энэ оны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, ажлуудын гүйцэтгэл, хэрэгжилт үр дүнд анхаарч, хариуцлагатай ажиллахыг гишүүн байгууллагуудын удирдлагуудад сануулав.