Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны төлөөлөл болох Хэргийг түр хамаарагч Сажеев Кумарыг хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан М.П.Сингхийн санаачилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус улсын “Жайпур фүүт” хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулан Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд буцалтгүй тусламжаар гар, хөлийн протез хийх төслийн ажлыг холбогдох яамдтай хамтран хэрэгжүүлж, эмч мэргэжилтнүүд манай улсад ажиллах юм.
Уулзалтаар, Элчин сайдын яамны зүгээс төслийг хэрэгжүүлэх, гар, хөлийн протез үйлдвэрлэл явуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй 2,500-3,000 мкв талбай бүхий ажлын байраар хангах, цехийн аюулгүй байдал, ус цахилгаан, харилцаа холбооны хэрэгслээр хангах, багийн ажил болон зохион байгуулалтад туслах ажилтнууд гаргаж өгөхийг хүссэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, төслийг хэрэгжүүлэх, гар, хөлийн протез үйлдвэрлэл явуулах 2,500-3,000 мкв талбай бүхий ажлын байраар хангах боломжтойг дуулгаад. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн байранд төслийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна гэлээ.
Мөн протез , ортопедын 2 үйлдвэр манай удсад үйл ажиллагаа явуулдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн 6 төвийг ашиглалтад оруулсан. Эдгээр төвийн дэргэд протез, ортопедын нэгжүүд ажиллана. Тиймээс протез, ортопедын үйлдвэр болон төвд ажиллаж байгаа, ажиллахаар бэлтгэгдэж байгаа боловсон хүчнээ сургаж чадавхжуулах давхар ач холбогдолтой учраас Энэтхэг улсаас ирэх мэргэжилтнүүдээр туслуулах саналтай байна гэлээ.
Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгээ талууд илэрхийлсэн.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд чухал хэрэгцээт протезоор хангагдахаас гадна, төслийн хамгийн том ач холбогдол нь протезын үйлдвэрийн ажилчид, хоёр орны эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид харилцан туршлага солилцох, бие биенээсээ суралцахын зэрэгцээ протез үйлдвэрдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, төвүүдийн чадавхийг бэхжүүлэх томоохон боломж бүрдэх юм.