Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ИБУИНХУ-ын Парламентын гишүүн, Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэр, эдийн засгийн аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд хатагтай Нусрат Ганиг өнгөрөгч онд хүлээн авч уулзан, хоёр орны геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ чиглэлд Монгол Улсад шинэ техник технологи нэвтрүүлэх ажилд туслалцаа үзүүлэх асуудлаар санал солилцсон.
Энэ хүрээнд Лондон хотноо зохион байгуулагдаж буй “Ашигт малтмалын боловсруулалт ба эргэлтийн эдийн засаг” бизнес форумын үеэр хатагтай Нусрат Гани Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, талууд хоёр орны геологи, уул уурхай, газрын тосны салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах Ажлын хэсэг гаргахаар тохиролцлоо.
Ингэснээр газрын ховор элемент, чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжих, судалгааны ажил хийгдэх боломж бүрдэх юм байна.