Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өчигдөр Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн байна.
Төслийн талаар Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 10 аймаг, 37 сумд төмөр зуд, 16 аймгийн 130 сум нь цагаан зуд, 14 аймгийн 49 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт цагаанаар зудрахуй нийт 21 аймгийн 216 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрсэн байгааг дурдаад улмаар гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт малын 7.3 хувь буюу 4.7 сая мал зүй бусаар хорогдоод байна гэв.
Аймаг, сумдын аюулгүй нөөцөд нийт 27.2 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэснээс гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2.1 мянган тонн өвс, нэг мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй, Өвөрхангай, Орхон, Дундговь, Архангай аймгууд өвс, тэжээлийн нөөцөө бүрэн дуусгаад байна. Өвс тэжээлийн хомстолоос шалтгаалан киллограмм хивгийн үйлдвэрийн үнэ 950-1100 төгрөг хүртэл өссөн. Иймд зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийн үнийг тогтворжуулахын тулд гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүсээд байгааг сайд танилцуулгадаа онцолсон.
Мөн монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг болох гурилын үнэ сүүлийн дөрвөн жилд хоёр дахин өсөөд байна. Гэвч гурилын гол түүхий эд болох улаан буудайн үнэ сүүлийн дөрвөн жилд 24. 4 хувиар өсжээ. Энэ нь гурилын зах зээлийн үнэ зүй бусаар тогтож, өрсөлдөөн хязгаарлагдсан байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Иймд үнийн өрсөлдөөнийг дэмжих гол нэрийн бүтээгдэхүүнээ хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ц.Анандбазар, Ц.Туваан, Х.Баделхан, Г.Мөнхцэцэг, Б.Чойжилсүрэн, Ж.Батсуурь, Д.Өнөрболор, Ц.Цэрэнпунцаг, Г.Ганболд, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Б.Жавхлан, Х.Болорчулуун, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, үг хэлсэн.
Гишүүд гурилын импортыг гаалийн албан татвараас чөлөөлөх болсон нөхцөл болон хуулийн үйлчлэх хугацаа, хэмжээг тодорхой заагаагүйн шалтгааныг илүүтэй тодруулсан. Мөн хууль батлагдсанаар гурилын үнэ хэдэн хувиар буурах талаар холбогдох судалгаа хийсэн эсэх, гурил нь стратегийн чухал хүнс тул Засгийн газраас бизнес эрхлэгч, тариаланчдаа хэрхэн хамгаалах талаар тодруулж байлаа.
ЗГХЭГ-ын дарга, Д.Амарбаясгалан хариултдаа "Бид олон улсын түвшин, зах зээлийн нөхцөл байдал, ард иргэдийнхээ худалдан авах чадварт нийцүүлж асуудалд хандах нь зүйтэй. Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас дунджаар тонн улаан буудайг 700 мянга орчим төгрөгөөр авдаг. Буудай нь 1кг гурил үйлдвэрлэхэд 90 хувийнх нь өртгийг бий болгодог зүйл. Гэтэл 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3000 төгрөг хүртэл үнэ нь өссөн байна. Энэ нь төрөөс үзүүлж байгаа шат шатны дэмжлэг, туслалцаа хэтэрснийг харуулж буй хэрэг. Бүх шатанд нь хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийг үзүүлсэн. Эцсийн дүнд нь иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаа тул энэ байдалтай Засгийн газар эвлэрэхгүй" гэдгийг онцлов.
Мөн тэрбээр сүүлийн нэг жилийн хугацаанд ШӨХТГ-аас энэ асуудалд анхаарал хандуулан, гурилын монополь үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн талаар акт тавиад ч, арга хэмжээ авч чадахгүй байна. Иймд Засгийн газар гурилын импортын татварт хугацаа, хэмжээ заахгүйгээр тэглэж, энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь тодорхой хугацаа, хэмжээ заасан шийдвэр гаргавал үүнд нь нийцүүлэн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ багасгаж, хомстол бий болгодог. Засгийн газар цаашдаа тариаланчдын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг дордуулахгүй байх тал дээр анхаарал тавина хэмээн хариулж байлаа.
Түүнчлэн хуулийн төслийн хүрээнд гурилын импортоос аж ахуйн нэгжүүд хэдэн төгрөгийн ашиг олох нь чухал биш, харин зах зээлийн зарчмаар бодит үнэ тогтож, гурил гурилан бүтээгдэхүүн ард иргэдийн амьжиргаанд дарамт болдоггүй байх нь Засгийн газрын хувьд чухал гэдгийг сайд хариултдаа онцлон тэмдэглэсэн.
“2023 оны арван нэгдүгээр сараас эхлээд нийт газар нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүл тогтсон тул малчид малаа суурин байлгаж, тэжээх шаардлагатай болсон. Үүнийг дагаад тэжээлийн хомстол үүссэн. Өнөөдөр нэг киллограмм хивэг, малын тэжээлийн үйлдвэрлэлийн өртөг 200 орчим төгрөг байдаг боловч малчдын гар дээр 1000-1100 төгрөгөөр очиж байна. Үүнийг орлого багатай малчид даван туулахад хүндрэлтэй болж байна гэж Засгийн газар үзсэн. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хоёр ч удаа малчдад үнэ төлбөргүйгээр малын тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан. Үүнээс өмнө улсын нөөцөөс өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын сүүлээс эхлээд 50 хувийн үнийн хямдралтайгаар өвс, тэжээлийн хангалтыг хийсэн зэрэг нь өвс, тэжээлийн үнэ өсөхөөс сэргийлсэн арга хэмжээ байлаа. Гэсэн хэдий ч малчид өвс тэжээлийн үнэ, өргөн хэрэглээний чухал хүнс болох гурилын үнийг дийлэхгүй нөхцөл байдал руу орсон тул Засгийн газар энэ төрлийн импортын барааны татварыг тэглэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна” хэмээх нэмэлт тайлбарыг өгсөн.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, гурил, улаан буудай нь стратегийн гол хүнс гэдгийг тодотгоод салбарын яамнаас гурилын татварын асуудалд долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаа заасан санал өгсөн. Одоогоор 20 мянган тонн гурилыг баруун аймгуудаар оруулаад эхэлсэн тул дахиад 25 мянган тонныг бусад боомтуудаар оруулах санал өгөөд байгааг хариултдаа тодотгож байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэн, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд гаалийн албан татвараас чөлөөлөх хугацааг долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл, хэмжээг 25 мянган тонн гэж тодорхой зохицуулалт хийнэ гэвэл мэргэжлийн Байнгын хорооны даргын хувьд дэмжинэ гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, тариалалтыг дэмжих, гурилын үнэ гэсэн хоёр өөр асуудлыг нэг бодлогоор шийдэх боломжгүйг тодотгоод гурилын эрэлт нийлүүлэлт зах зээлийн цэвэр өрсөлдөөний зарчмаар шийдэгдэж, хэрэглэгчдэд бодит үнээр хүрэх шаардлагатай тул төслийг дэмжиж байна гэсэн байр суурийг илэрхийлэв.
Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжжээ.
Иймд энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.