Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг теле камерын нэгдсэн систем нэвтрүүлэх агуулгаар өргөн барьсан гэж үзэж байна. Энэ хууль хоёр талтай. Нэг талаасаа камерын систем нэвтрүүлээд, нийтийн эзэмшлийн газруудад хяналт тавиад гэмт хэрэг зөрчлөө багасгаж болно.
Нөгөө талаас хүний эрхтэй холбоотой асуудал хөндөгдөнө. Хувь хүний ая тухтай ажиллаж амьдрах аюулгүй нөхцөлд нь бас сөргөөр нөлөөлж байгаа юм. Гэхдээ ерөнхийд нь теле камерын систем рүү татаж оруулахаас өөр аргагүй. Улсын хэмжээнд төв суурин газруудын нийтийн эзэмшлийн талбайг камержуулахад шаардагдах зардлын хэмжээ ямар байгаа вэ?
Чанарын өндөр түвшинд таниц сайтай камерын системийг бий болгох ёстой. Хөрөнгөө дагаад ажиллах хүч, урсах зардал гарна. Хувь хүний нууц, аюулгүй байдлыг хангах асуудалд хуульд тусгаж байгаа зүйл бий юу” гэдгийг тодруулав.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “ЦЕГ-аас суурь судалгаа хийсэн. 2019 онд Стандартчилал, хэмжил зүйн төвөөс камерын нэгдсэн стандартыг баталсан. Манай улсад 6,000 гаруй камер байгаа. Үүний 30 хувь нь огт ажилладаггүй. 30 хувь нь ашиглалтын шаардлага хангадаггүй, 30 хувь нь шаардлага хангасан. Цагдаагийн байгууллага болон бусад судлаачид хамтраад гэмт хэрэг зөрчлөөс камер хэдэн хувиар хамгаалахыг судалсан.
Манай улсын хэмжээнд хилийн боомтоос эхлээд хурдны зам хот суурин газрууд, нийтийн эзэмшлийн талбайд ойролцоогоор 60 гаруй мянган камер суурилуулбал теле камерын хяналтын систем рүү шилжиж чадна. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурна. Камерын нэгдсэн системийг огт нэвтрүүлээгүй. Программ хангамжийн хувьд мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудад энэ камерын нэгдсэн систем байдаг.
Дүнгийн хувьд 300 гаруй сая долларын асуудал яригдаж байгаа. Торгуулийн орлогын 40 хувийг дүүргийн иргэдийн хурал өөрсдөө хуваарилдаг. Торгуулийн орлогоос жил бүр камераа нэмж стандарын дагуу суурилуулна. Жил бүр камерын ашиглалтын зардлыг орон нутагт энэ мөнгөнөөс нь олгоно. Улсын төсөвт нэг их наяд төгрөгийн дарамт учруулах боломжгүй учраас торгуулийн орлогын 40 хувийнхаа 20 хувийг камерын арчлалт хамгаалалт, шинээр камер суурилуулахад зориулъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.