Цаг агаар
Валютын ханш
Хууль
2023-04-11
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх тухай албан даалгавар гаргалаа

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 469 дүгээр тогтоолын дагуу  хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын төрийн хяналт шалгалтын чиг үүрэг манай салбарт шилжин ирж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд  салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд 162 улсын байцаагч хяналт тавин  ажиллаж байна.

Сүүлийн 5 жилд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 21.2 хувь уул уурхай, олборлолт, 9.3 хувь боловсруулах үйлдвэрлэл, 10 хувь барилга, 10.4 хувь тээвэр болон агуулахын үйл ажиллагааны салбарт хамаарч, уул уурхайн салбарт нас баралт хамгийн өндөр буюу 62 тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэхүү тоон үзүүлэлтээс харахад аж ахуйн нэгж, байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг орхигдуулдаг, ажилтнаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны иж бүрэн сургалтад хамруулж, аюулгүй ажиллах дадал заншилд сургадаггүй, холбогдох хууль дүрэм, журам, үндэсний стандартын хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.

Иймд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хүргэж болзошгүй ажлын байрны эрсдэлийг бууруулах, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, барилга, уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуйн салбарт бүтээн байгуулалт эхэлж байгаа, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 07/01 тоот албан даалгаврыг яамдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, аймаг, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд  тус тус хүргүүлж, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хамтран ажиллахыг уриаллаа гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ