Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-03-29
Үйлдвэрлэл, технологийн 3 паркийг компани хэлбэрт шилжүүллээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаанаар нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ыг компани хэлбэрээр өөрчлөн байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

2022 оны долоодугаар сарын 5-ны өдөр Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурал баталсан. Улмаар 2022 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Уг хуульд “Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани хэлбэртэй байна” гэж хуульчилсан. Үүний дагуу Эмээлт эко аж үйлдвэрийн парк компанийн хэлбэрт шилжсэн. Тэгвэл Багануур, Багахангай, Налайхын үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг дээрх хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулсан юм.

Уг тогтоолын төсөлтэй холбоотойгоор төлөөлөгчид санал хэллээ. Төлөөлөгч Н.Баярчимэг “Үйлдвэр технологийн паркуудыг хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчилж буй нь зөвхөн батлагдсан хууль тогтоомжид нийцүүлэхээс гадна цаашлаад олон нийтийн нээлттэй компани байх эхлэлийг тавьж байгаа юм. Олон нийтийн компани болсноор төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг олон нийтээс татахаас гадна засаглалын хувьд ил тод, нээлттэй болох зэрэг олон давуу талтай. Паркууд хөгжсөнөөр хот эдийн засгийн хувьд бие дааж хөгжих, бусад бүстэй хамтарч ажиллах нөхцөл бүрдэхээс гадна тогтвортой хөгжих суурь” бий болно гэв.

Үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр тогтоолын төсөлд тусгаж, баталлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ