2014 онд дахин төлөвлөлтөд орж, газар чөлөөлтийн ажил нь гацсан зарим байршлуудыг "Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл"-ийн хүрээнд орон сууцжуулахаар төлөвлөсөн.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд ажиллав.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 9.3 га газрын 140 нэгж талбар чөлөөлөхөөс 1.1 газрын 24 нэгж талбарыг 10 жилийн өмнө чөлөөлсөн. Өнгөрсөн хоёрдугаар сард Хотын дарга Х.Нямбаатар 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон дээрх 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламж гардуулсан. Харин өнөөдөр үлдсэн 116 нэгж талбарыг чөлөөлөх асуудлаар газар дээр нь ажиллалаа.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн орчмын айл өрхүүдтэй уулзан, урьдчилсан байдлаар судалгаа авсан бөгөөд газар чөлөөлөлт хийх хэлэлцээрийн ажлыг маргаашаас эхлүүлэх юм.
Газар чөлөөлөлт хийхдээ газрыг газраар, бэлэн мөнгөөр, орон сууцаар солих боломжтой. Дээрх 9.3 га газрыг бүрэн чөлөөлж, 1200 айлын орон сууц байгуулах ба бүтээн байгуулалтад шаардлагатай дэд бүтэц бүрэн шийдэгдсэн байгааг албаныхан онцолж байлаа. Тус байршил дахь гэр хорооллыг орон сууцжуулах төслийг НОСК хариуцан хэрэгжүүлнэ.