Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зудын давтамж нэмэгдэж байгаа нь хөдөөгийн иргэдэд хүндээр тусаж байна. Иймд гамшгийн эрсдэлийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, малчдын амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэхээр уг төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэн нэн яаралтай горимоорхэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
Хуулийн төслөөр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлсон. Түүнчлэн малчид амьжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгалаа.
Энэ оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн улмаас дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар улсын хэмжээнд нийт малын 9.6 хувь буюу 6.3 сая мал хорогдоод байна. Энэ нь мал аж ахуйн салбарт гамшиг тохиолдож, эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учирсныг илтгэж байна.