“Өргөө амаржих” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүнд нярайд төвийн венийн гуурсыг захын судсаар дамжуулан тавих аргыг Монгол Улсад анх удаа эмчилгээний практикт нэвтрүүлж гүйцэд болон дутуу төрсөн таван нярайг амжилттай эмчилж байна.
Эмчилгээний энэхүү дэвшилтэт технологийг практикт нэвтрүүлж ашигласнаар хүнд нярайд олон хоногийн турш эрчимт эмчилгээ хийхийн тулд судсанд уян зүү тавихад тохиолддог хатгалтын давтамж нэмэгдэх, халдварын эрсдэл, олон хоногийн эмчилгээний туршид үүсч болзошгүй хүндрэлүүдээс зайлсхийх, эмнэлгийн зардлыг бууруулах өндөр ач холбогдолтой юм.
Захын судсаар дамжуулан төвийн венд гуурс тавих нь нярайн судсанд 14-21 хоног хүртэл хугацаагаар байж түүгээр судас хооллолт, хими эмчилгээ хийх, цус болон шингэн сэлбэх, антибиотик эмчилгээ зэрэг шаардлагатай тусламж үйлчилгээг олон улсын стандартын дагуу эрсдэл багатай хийх боломжтой болж нярай хүүхдэд халдвар авах, олон хатгах эрсдэлийг бууруулна.
Хүнд нярайд төвийн венийн гуурсыг захын судсаар дамжуулан тавих эмчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлсэн тус амаржих газрын Нярайн эрчимт эмчилгээний эмч, анагаахын шинжлэх ухааны магистр, олон улсын “Bloom team” багийн гишүүн Б.Өлзийхишиг, нярайн эрчимт эмчилгээний сувилагч А.Нандин-Эрдэнэ нар нь 2022 онд ЭМЯ-наас хүн амын эрүүл мэндийг хамгаалах тусламжийн чанарыг сайжруулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй өндөр хөгжилтэй оронд эмч мэргэжилтнүүдийг сургах үйл ажиллагааны дагуу Тайванийн “Far eastern memorial hospital” эмнэлэгт гурван сарын хугацаанд мэргэшиж дадлагажаад ирсэн билээ.