Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 02 дугаар дүгнэлт гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж дүгнэсэн.
Улсын Их Хурал цэцийн энэхүү дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэний үндсэн 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.
Уг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтыг “3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;", хуулийн 2/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “5.4.Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” хэмээн тус тус өөрчлөн найруулж, уг хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг "... Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” хэмээн өөрчлөн найруулж, хуульчилсан нь нэг удаагийн шинжтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9-ийн “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнтэй нийцэхгүй, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомж нь “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх, хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх” гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн байна гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь буюу 81.2 хувь нь дэмжсэнгүй