Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ЗГХЭГ, Сангийн яам, ЭЗХЯ, БОАЖЯ, ХЗДХЯ, Нийслэл хотоос нэгдсэн ажлын хэсэг гарч, "Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл"-ийг боловсруулж, өнөөдрийн хуралдаанаар орууллаа. Энэ хуулийн хүрээнд Улсын зэрэглэлтэй хот дөрвийг, 19 аймгийн төвийг орон нутгийн зэрэглэлтэй хот болгоно. Тиймээс уг хуулинд энэ талаар шинэ өөрчлөлт орууллаа. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумдыг хот болгон хөгжүүлнэ. Мөн хилийн боомтуудад тосгон байгуулна. Өөрөөр хэлбэл Ханги-Мандал, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомт төвлөрсөн газруудыг тосгон болгохоор хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ" гэлээ.



