Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Спортын ордонд зохион байгууллаа.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч Н.Болормаа, С.Оюунцэцэг, Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Манлай, Ю.Тогмид, Ө.Золбоо, Э.Мягмардорж, С.Батнасан нарын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Пүрэвсүрэн, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүгдэгч С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдэлгэр, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ гэж Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээллээ.