Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр нийслэлд авто замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хотын дарга авто замын бүтээн байгуулалт, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, авто замын чанар, насжилтыг сайжруулах асуудлаар холбогдох албаныханд хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Харин авто зам, замын байгууламжийн засвар гүйцэтгэгч компаниудын төлөөлөл зарим асуудлын хотын даргаас зарим асуудлаар тодруулга авлаа.
Тухайлбал “Бид авто замынхаа зургийг батлуулсны дараа туслах зургууд буюу инженерийн байгууллагын зургаа батлуулдаг. Үүний дараа газрын албанаас зам, холбоо, цэвэр, бохир, цахилгаан зэрэг 4-5 зүйл дээр тодруулга авч байна. Үүнээс болж хугацаа алдаж, зам засварын ажил удааширч байгаа асуудал бий. Тиймээс зураг зөвшилцөх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, цөөлөх боломж бий юу” гэдгийг лавлалаа.
Түүнчлэн замын ажилтай холбоотой газар чөлөөлөлтийг нийслэлийн зүгээс түргэн шийдвэрлэж өгөх, замын далангийн ажилд шороо их шаардагддаг тул хотын ойролцоо албан ёсны зөвшөөрөлтэй түгээмэл тархацтай ашигт малтмалын карьер ажиллах боломжтой эсэх, чанарын шаардлага хангасан замын хашлага буюу бродюрын үйлдвэр шаардлагатай зэргийг авто зам, замын байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөлөл хэлж байсан юм.
Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Замын хашлага буюу бродюр үйлдвэрлэж байгаа компаниудтай бетоны хатуулгыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Мөн газар чөлөөлөлтийн ажлыг түргэн шийдвэрлэх боломж хууль эрх зүйн хүрээнд бүрдсэн учраас энэ тал дээр дахиж цаг алдахгүй, Нийслэлийн Байгаль орчны газраас хийсэн судалгааны хүрээнд хайрга дайргын хэд хэдэн тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтаар нь яаралтай өгөхөөр ажиллаж байна” зэргээр хариулж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.