Хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох тохиолдол Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд их гардаг.
Тухайлбал, 2022 онд 245, 2023 онд 317, 2024 оны эхний нэгдүгээр улиралд 47 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсноос дийлэнх нь эрүүл мэндийн эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг, мөн хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон байна.
Ялангуяа сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна.
Дүүргийн прокурорын газраас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, энэ чиглэлээр яриа, таниулга хийх ажлыг жил бүр тогтмол зохион байгуулсаар иржээ.
Хүүхдүүд гэмт хэргийг юу гэж ойлгодог болох, гэмт хэрэгт хэр зэрэг өртөж байгааг ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулиудад хичээл заах үеэрээ Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах судалж үзсэн байна.
Ингэхэд "10 хүүхэд тутмын 2 нь гэмт хэрэг гэж юу болох талаар маш сайн мэддэг, 4 нь ямар нэгэн байдлаар эрх, эрх чөлөө нь зөрчигддөг гэсэн бол 2 хүүхэд тутмын 1 нь эд зүйлээ алдаж байсан" гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах "Энэ нь бидний хүлээн авч шалгаж буй гэмт хэргийн тоотой харьцуулахад өндөр байгаа учраас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Мөн эрх нь зөрчигдвөл хаана хандах вэ гэсэн асуултад 47.9 хувь нь аав ээждээ, 35.6 хувь нь найздаа, 14.6 хувь нь багш, нийгмийн ажилтанд, 2.1 хувь нь л цагдаагийн байгууллагад хандана гэж хариулсан" гэлээ.