Тайланд улсад боксын “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 2-нд болно.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөнө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 Х.Бекнур нар тулалдах бол эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар өрсөлдөхөөр өнөөдөр Тайланд улсыг зорив.
Манай улс боксын төрөлд одоогоор олимпын ганц эрх авсан нь эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн юм. Монголын боксын баг тамирчид 1972 оны Мюнхений олимпын наадамд долоон тамирчинаа илгээж байсан бөгөөд түүнээс хойш манай улсын ширэн ширэн бээлийтнүүд олимпын 10 наадамд оролцож буй билээ.
Зуны олимпын наадмаас Монголын долоон тамирчин медаль хүртсэн ба анх 1988 оны Сөүлийн олимпоос гавьяат тамирчин Н.Энхбат хүрэл, “Барселона-1992” олимпоос гавьяат тамирчин Н.Баярсайхан хүрэл, “Бээжин-2008” олимпоос Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, “Лондон-2012” олимпоос гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, “Рио-2016” олимпоос гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртэж байв.