Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцлоо.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг өнгөрсөн 2023 онд УИХ-аар батлуулсан.
Энэ хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто зам, найман байршилд 1205 у/метр гүүрэнд их засвар хийхээр болсон.
Монгол Улсад барилгын ажил гүйцэтгэх боломжтой хугацаа маш богино учраас төслийн бэлтгэл ажлыг хангаж, зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, зураг төсөл боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.
Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хамгийн их эвдрэлтэй замд их засвар хийх тул төслийн үр ашиг нэн чухал ач холбогдолтой тул хэрэгжилтэд Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс онцгойлон анхаарч байгааг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэллээ.
Ташрамд дурдахад, Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 1996-2002 онд “Тээврийг сэргээх төсөл”, “Тээврийг хөгжүүлэх төсөл” хэрэгжсэн. Тус төслүүд нь Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болсон байдаг.
Тухайлбал, баруун аймаг чиглэлийн хамгийн их бартаа, саадтай, өндөр даваа, намагтай хэсгийг сонгож хайрган хучилттай зам, мөн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 200 км авто замыг хатуу хучилттай замыг барьсан билээ.