Токио 2020 зуны олимпын наадмын зохион байгуулагчид уралдаан тэмцээний үеэр Covid-19 өвчний халдвар авсан тамирчдыг хэвтүүлж эмчлэхэд зориулан нийслэл болон түүний ойролцоох мужуудад 30 эмнэлэг нөөцлөхөөр төлөвлөжээ.
Гэвч нийслэл Токиотой залгаа мужуудын захирагч нарын зарим нь өөрийн өвчтөнүүдэд хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орыг олимпын тамирчдад ашиглуулахаас татгалзсан байна.
Тухайлбал өчигдөр Чиба мужийн захирагч Тошихито Кумагай “өөрийн Covid-19 өвчтөнүүдэд онц шаардлагатай байгаа эмнэлгийн нөөц бололцоогоо олимпын тамирчдад ашиглуулахгүй” гэсэн байр суурьтай байгаагаа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Өмнөх өдөр нь Ибараки мужийн захирагч олимпын наадмыг зохион байгуулагчдын хүсэлтэд татгалзсан хариу өгснөө мэдээлсэн юм.
Гурав хүрэхгүй сарын дараа Токио хотод эхлэх зуны олимпын наадмыг цуцлуулах хүсэлтэй хүмүүсийн тоо Японд нэмэгдэж байгаа. Үүнд коронавирусийн цар тахлын нөхцөл байдал нөлөөлж байна.
Коронавирусийн халдварыг хязгаарлах зорилготой онц байдын дэглэм Токио хот болон гурван мужид одоо хэрэгжиж байгаа. Уг дэглэм Мягмар гарагт өндөрлөх төлөвлөгөөтэй байсан ч халдвар тархалт буураагүй тул тавдугаар сарын 31 хүртэл сунгаж, хоёр мужийг нэмж хамруулахаар болсон юм.
Пүрэв гарагт Токио хотод коронавирусийн халдварын 1,010 тохиолдол нэмэгдэж, нийтдээ 150,071 болсон байна. Энэ нь Япон улсын бүх 47 муж, засаг захиргааны нэгжүүд дотроос хамгийн өндөр үзүүлэлт юм.
Үүнтэй зэрэгцэн Токио 2020 олимпын наадмыг цуцлахыг шаардсан хөдөлгөөн эрчимжиж, өчигдрийн байдлаар 340,000 гаруй хүн гарын үсэг зуран нэгджээ.
Хөдөлгөөнийг санаачлагч Кэнжи Уцуномия иргэдийн гарын үсэгтэй шаардлагыг өнөөдөр Токио хотын захиргаанд хүргэхээр болсон байна.
Гэвч Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга болон олимпыг дэмжигчид Токио 2020 наадмыг халдвар хамгааллын өндөр стандартын дор төлөвлөсөн хугацаандаа зохион байгуулахаа дахин дахин илэрхийлсээр байгаа юм.
Эх сурвалж: Kyodo News