Иргэд анхан шатны эмнэлгээс эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ, оношлогоо, үзлэгийг цаг алдалгүй авч чаддаггүй гэх асуудал олон жил шүүмжлэл дагуулдаг.
Тэгвэл иргэдэд анхан шатанд буюу Чингэлтэй дүүргийн 19 хорооны өрхийн эрүүл мэндийн төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэхэн техник, тоног төхөөрөмжтэй боллоо. Тус дүүргээс сонгогдсон Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар эмч ажилчдад тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр улсын "Шинэ сэргэлт-Чингэлтэй" хөтөлбөрийн хүрээнд дүүргийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлого дотор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг анхан, дунд шатны төвүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах, боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд УИХ-ын гишүүний хувиар анхааран ажиллаж байна хэмээн илэрхийлсэн юм.
Энэ хүрээнд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг анхан, дунд шатны төвүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах, боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай 31 нэр төрлийн нийт 82 тоног төхөөрөмжийг гардууллаа.
Ингэснээр иргэд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цус, шээсний ерөнхий олон шинжилгээг өгөх боломжтой болж байна.