Цаг агаар
Валютын ханш
УИХ
2024-05-31
СЕХ: Нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэв

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг ирүүлсэн.

Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах хүсэлт гаргасныг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч холбогдох баримт бичгийг буцаав.

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор тогтоолоо.

Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тодруулбал,

-татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй 76;

-хуульд заасан баримт бичиг дутуу 63;

-шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа 5;

-нэр дэвшүүлсэн нам, эвслээсээ өөр намын гишүүн 4;

-сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлага хангаагүй 4;

-төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй 1;

-авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 1 нэр дэвшигчийг тус тус бүртгэхээс татгалзав.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн дотор бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх боломжтой юм. Тиймээс хуульд заасан хугацаанд нэр дэвшигчид холбогдох лавлагаа авах боломжоор ханган нийтээр тэмдэглэх баяр болон амралтын өдөр ажиллах хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ