Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ байр Салбар номын сангийн Онцлог хэрэгцээт иргэдийн уншлагын танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлт боллоо.
Уг номыг Монгол Улсын Соёлын яам санхүүжүүлж, тус яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн эрхлэн гаргасан ба Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, Брайл болон ярьдаг ном хэвлэх төв хамтран ажиллажээ.
Одоогоос 18 жилийн өмнө буюу 2006 онд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны санаачилга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дэмжлэгээр "Монголын нууц товчоо"-г анх удаа брайль бичгээр арван хувь хэвлэсэн байна. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэд түүх, соёлоо судалж, танин мэдэх нэгэн чухал явдал болсон ч өнөө үед уншигчдын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байна.
Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны 2022 оны судалгаагаар 12696 харааны бэрхшээлтэй иргэн байгагаас 9000 гаруй нь орон нутагт амьдарч буй юм. Харин 21 аймгийн нийтийн төв номын санд брайл бичгээр хэвлэгдсэн "Монголын нууц товчоо" одоогоор байхгүй байна.
Иймд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын хүрэлцээг нэмэгдүүлэх, монголчуудын бахархалт үеийн түүх, Эзэн Богд Чингис хааны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор кирилл болон брайл бичгийн хосолмол хэвлэлтэй, ярьдаг ном бүхий "Монголын нууц товчоо"-г эрхлэн гаргажээ.
Уг номыг Үндэсний Номын Сан, Улаанбаатар хотын төв номын сан, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, 116 дугаар тусгай сургууль зэрэг байгууллагад гардуулж, Налайх, Багануур дүүргийн Соёлын ордны дэргэдэх номын сан, 21 аймгийн нийтийн төв номын сан зэрэг байгууллагуудад түгээх юм байна.