Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул, “2009 онд НИТХ-ын тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 1280 га талбайтай баталсан. Гэвч 2014 онд 307 га хасагдаж, 973 га талбайтай баталсан юм. Үүнээс 183 га-д нь ерөнхий төлөвлөгөө баталж, энэ дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийж байгаа. Улс, нийслэлийн төсвөөс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, ногоон байгууламж, тохижилтын ажил хийж ирсэн. 2016 оноос улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалт зогсож, 2021 оноос эргэж сэргэсэн.
Бид 2021-2022 онд тохижилт, ногоон байгууламжийн хүрээнд 10 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээс татсан. Жишээ нь, дотоодын хөрөнгө оруулалтаар 2010 онд Цагдаагийн талбай, 2017 онд JCI-н талбай, 2018 онд Дайчин чанар, тэсвэрийн талбайг байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалтаар 2013 онд Сөүл хотын захиргааны санхүүжилтээр Сөүлийн талбай, 2018 онд БНХАУ-ын Байгаль орчны яамны санхүүжилтээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж байсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC тохижилт хийж байгаатай холбоотой ташаа мэдээлэл цахим орчинд түгээд байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1 га талбайд ерөнхий төлөвлөгөөний тохижилтын даалгавартай хэсэгт тохижилт хийж байгаа. Ногоон байгууламж сүйтгэсэн зүйл байхгүй. Нийт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийнэ. Ямар ч худалдаа, үйлчилгээ, барилга, байшин барихгүй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, залууст зориулсан, ая тухтай орчин бүрдүүлсэн ажлуудыг хийж байгаа” гэлээ. Мөн тэрбээр энэ мэдээлэлтэй холбоотойгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгжийн хандлага өөрчлөгдөх, хөрөнгө оруулалтаа буцааж татах вий гэх эмээлт байгааг хэлж байсан юм.
Тус хүрээлэнг анх байгуулсан цагаас хойш ажиллаж байгаа Ерөнхий архитектор Г.Уянга “2011 оны НИТХ-ын 53 дугаар тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Энэ дагуу “Идеал групп” 30 га талбайд нарийвчилсан ажлын зураг зурж, бүтээн байгуулалтыг 2017 онд хийж дууссан. 2013, 2014 онд 25, 50 га талбайд нарийвчилсан ажлын зураг зурж, зураг төсөл бэлэн болсон ч ажил нь хийгдээгүй. Мөн 2019 онд цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсэгт 43 га талбайд нарийвчилсан ажлын зураг гарсан ч ажил хийгдээгүй. Цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 226 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийхээс 48 га талбайд тохижилтын ажил хийсэн. Үлдэгдэл 180 га орчим талбайд ногоон байгууламжийн ажил хийж байгаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га талбайд бүтээн байгуулалт хийхэд 85 хувь нь ногоон байгууламж, 15 хувь нь тохижилт байна. Одоогийн байдлаар тохижилтын ажил таван хувь, ногоон байгууламж 25 хувьтай байгаа” хэмээв.
KFC зураг төслийн үндсэн концепц болон ерөнхий төлөвлөгөөнд ямар ч өөрчлөлт оруулаагүй бөгөөд зөвхөн нэг метрийн өргөнтэй явган хүний замыг таван метр болгон өргөсгөхөөр төлөвлөжээ. Хотын дарга хувийн хэвшлийн оролцоог хууль, дүрмийн хүрээнд хангах ёстой гэдгийг онцолж байлаа.