Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-06-14
Ричард Бреслин: Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай

Шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллаж байна.

Өнөөдөр тус компанийн төлөөлөгчид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцаж, урьдчилсан судалгааг эхлүүллээ.

“Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин "Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал нь зай талбайн стандартын шаардлага хангаагүйгээс гадна зарим өнцгөөс үзвэр үзэх нөхцөл хязгаарлагдмал, шат нь ижил тэгш бус өндөр, нам байна. Мөн ариун цэврийн байгууламж дутмаг байгаа зэрэг олон шалтгаанаас үүдэн Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай. Тус хүрээлэнг жил бүр засварладаг гэдгийг албаныхан хэлсэн. Гэвч бидний урьдчилсан дүгнэлтээр засвар хийсээр эцсийн шатандаа хүрчээ. Ийм суурин дээр олон давтамжтай засвар хийж, хөрөнгөө зарцуулж байснаас энэ талбайд шинэ хүрээлэн байгуулах цаг болсон байна” гэв.

Мөн тэрбээр дэлхий дахинаа орчин үеийн стандартад нийцсэн цэнгэлдэх хүрээлэн болон аренаг хотоос зайдуу биш хотын төвд байгуулах жишиг тогтож байгаа. Учир нь дэд бүтцээ хэдийн шийдсэн байдаг бөгөөд иргэд үзвэр үйлчилгээг үзэхдээ хол явах шаардлагагүйгээр цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ хэмнэх боломжтой байдгаараа давуу талтай. Харин стандартын хувьд орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнгийн орц, гарцын хөдөлгөөн хоёр тийш салсан урсгалаар зохицуулагдаж, стандартын дагуу эгнээ, суудлаа эзэлдэг бөгөөд аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. Тодруулбал, төв том хаалганыхаа хажуу талаар нарийн гол хаалганууд байршуулан хүний тоог хянах боломжтой. Мөн үзэгчдийн суудлын хэсгийг зай талбай ихтэй, тав тухтай байхаар шийдсэн байдаг. Энэ нь гэнэтийн осол аваар, гал гарах зэрэг болзошгүй эрсдэл гарсан үед хүн чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлнэ гэлээ.

Улаанбаатар хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн, урьдчилсан судалгааг хийхээр ирээд буй юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ