Нийслэлийн Онцгой комиссын V хурлаар нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон.
Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын алба хаагч нар бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Өчигдөр буюу зургаадугаар сарын 18-19-ний шилжих шөнө орсон аадраар Онцгой байдлын байгууллагад 20 дуудлага мэдээлэл ирсний дагуу зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан бөгөөд үерийн аюулт нөхцөл байдал үүсээгүй. Энэ сарын 20-21-ний шилжих шөнө үргэлжилсэн аадар орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.
Мөн хэвлэл мэдээлэл болон цахим орчинд нийтлэгдсэн худал мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, мэргэжлийн байгууллагаас үнэн зөв мэдээллийг цаг тухай бүрд авахыг зөвлөлөө.